Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

Манай улсад бэлгийн замын халдварт өвчин, түүний тархалт, үр хөндөлт, үргүйдэл зэрэг нийгмийн харилцаанд шууд нөлөөлдөг хүчин зүйлийг судлах, судалгаанд үндэслэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ажил дутагдалтай байгааг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Иймд УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарын гишүүд Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл боловсруулсан байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарын боловсруулсан уг хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдрийн /2018.10.03/ хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.  

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд нь үргүйдэл, түүний тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн туслах арга түүний төрөл, үүнийг ямар шаардлага хангасан эмнэлэг ямар нөхцөлд хэрэглэх, уг ажиллагааны нууцлал, тавигдах шаардлага, тээлгэгч эцэг, эх, тээгч эх гэж хэн байх тэдгээрт тавигдах шаардлага, талуудын хоорондын гэрээнд ямар асуудал тусгах, тээгч эхээс төрсөн хүүхдийг хэрхэн шилжүүлэн өгөх, хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэх зэрэг олон харилцааг хуульчлахаар боловсруулсан байна.

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үндэсний хөтөлбөр болон төрийн бодлогод үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээний асуудал тусгагдаж, энэ чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын үүрэг хариуцлага дээшилснээр иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмчилгээнд хамрагдах байдал сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Түүнчлэн үргүйдэл нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж амь насанд аюул учруулдаггүй ч хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүлийн тогтвортой байдал, хувь хүний амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг нийгмийн эрүүл мэндийн эмзэг асуудал учир энэ асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдсэнээр хувь хүний сэтгэл санаа, гэр бүлийн тогтвортой байдал, улс орны хүн амын өсөлтийн байдал дээшилнэ гэж үзсэн байна. Мөн гадаад оронд явж үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээ хийлгэх, үр шилжүүлэн суулгах харилцаа багасч, эх орондоо энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, санхүүгийн асуудлаа хэмнэх, гадагшаа чиглэсэн валютын урсгал хумигдах боломж бүрдэнэ гэж тооцсон байна.

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Н.Оюундарь дээрх хуулийн төслийг боловсруулахдаа АНУ, ХБНГУ, ОХУ, БНСУ, БНЭУ, Канад, Франц, Швед, Тайланд болон бусад өндөр хөгжилтэй улсуудын эрх зүйн зохицуулалт, туршлага, хуулийн хэрэгжилттэй холбоотой гарч буй эрсдэл, туршлагыг судалжээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top