Зам, тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатар томилогдлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.05/ нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн шинэ сайдыг томилох асуудлыг хэлэлцэн УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ы чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ЗТХ-ийн шинэ сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Я.Содбаатарт гишүүд амжилт хүсээд, цаашдын ажилдаа анхаарах саналыг хэлж байсан юм. Тухайлбал, ЗТХ-ийн өмнөх сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ салбарын боловсон хүчний бодлогод анхаарч, мэргэжилтнүүдтэй хамтран одоогоор эхлүүлээд байгаа хэд хэдэн ажлыг үргэлжлүүлэхийг хүсч байв. Үүнд, УИХ-ын гишүүн Я.Содбаатар гишүүн “Монголын төрийн залгамж чанарыг ханган ажлын хариуцлагыг эрхэмлэн төрийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнч байхад анхаарч ажиллана” гэдгээ мэдэгдсэн юм. 

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн /2018.10.04/ нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр дараагийн сайдыг тодруулах улс төрийн үйл явц өрнөсөн. Үүнтэй холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл хуралдан дараагийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг дэмжсэн. Улмаар УЗ-ийн саналыг УИХ дахь МАН-ын бүлэг 100 хувийн саналаар дэмжснээр УИХ-ын гишүүн Я.Содбаатарын ЗТХ-ийн сайд болох зам засагдсан юм.

Я.Содбаатар хэдийгээр зам, тээврийн салбарт мэргэжлийн хүн биш ч өмнө нь сайдын сунгаанд хоёр ч удаа дурдагдаад байсан. Өөрөөр хэлбэл, зам, тээврийн салбарыг удирдах улстөрчдийн нэгээр нэрлэгдэж ирсэн байдаг. Тэрбээр УИХ-д хоёр дахь удаагаа Өвөрхангай аймгаас сонгогдон ажиллаж байна. Өмнө нь Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд даргаар ажиллаж байгаад МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдож байсан. Улс төрийн замналаа НАМЗХ-ны нарийн бичгийн даргаар эхэлсэн Я.Содбаатарыг Ерөнхий сайд "У.Хүрэлсүхийн хүн" гэх яриа бий. Уичр нь тус холбооны нарийн бичиг байх үед нь НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх ажиллаж байв. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, дараа нь МАН-ын бүлгийн даргад яригдаж байсан удаатай.

 

Я.Содбаатарын НАМТАР

Боловсрол /Англи, орос хэлтэй/

1992 онд       Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдүгээр 10 жил

1997 онд       Улаанбаатар их сургуулийг физикч-инженер

2004 онд       Удирдлагын академи

 

Ажилласан байдал

1997-1999 онд         ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

1999-2005 онд         Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга

2005-2006 онд         Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх

2006-2008 онд         Үйлдвэр, худалдааны дэд сайд

2009-2010 онд         Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга

2010-2012 онд         МАН-ын нарийн бичгийн дарга

2012-2016 онд         УИХ-ын гишүүн

2016 оноос              УИХ-ын гишүүн

2018 оноос              Зам, тээврийн хөгжлийн сайд

 

Шагнал

2009 онд       “Алтан гадас” одонгоор шагнуулсан.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(87.123.194.95) 2018 оны 10 сарын 06

Gadaad dotoodyn mergejilijn chadaltaj zaluusyg ajild avaach ee. 28 jil hedhen humuusijn dund alban tushaalyn naymaa yavagdaad, oorsdoo l vayajaad, uls oron chin zamharlaa. Ene heden novshnuudaas salah arga bna uu

0  |  0
z(64.119.27.129) 2018 оны 10 сарын 05

MONGOL ULS YAMAR ZAMAAR HOGJIH VE GEDGEE ZUV SONGOJ

0  |  0
Top