СЕХ: Сайншанд, Замын-Үүдэд нэмэлт санал хураалт явуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

 МАН, АН “дэгс” мэдээлэл өгсөн үү?

2018 оны аравдугаар сарын 7-ны ням гаригт буюу өчигдөр зарим газарт Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль болсон билээ. Дорноговь, Сүхбаатар аймгийн ИТХ-ын хоёр мандат, мөн аймгуудын гурван сум, Улаанбаатар хотын Багахангай дүүргийн ИТХ-ын дөрвөн мандатын төлөө нөхөн сонгууль, Дорноговь аймгийн хоёр сумын ИТХ-ын хоёр мандатын төлөө дахин сонгууль явагдаж, нийт 15 нэр дэвшигч өрсөлдсөн байна.

Уг сонгуулийн үр дүнгийн талаар улс төрийн намууд зөрүүтэй мэдээлэл цацаж байгаа юм.

Эрх баригч МАН-ын хувьд орон нутгийн дахин сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан тухай мэдээлэл цацагдсан. Тухайлбал, Дорноговь аймагт болсон дахин сонгуульд МАН-ын нэр дэвшигчид 61.8 хувиас 100 хувийн санал авч ялалт байгуулсан гэх мэдээлэл тархаад байгаа. Тодруулбал, Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 69,4 хувь, АН 30,6 хувь, тус аймгийн Алтанширээт сумын ИТХ-ын сонгуульд МАН 100 хувь, Улаанбадрах сумын ИТХ-ын сонгуульд МАН 61,8 хувь, АН 38,2 хувь, Замын-Үүд сумын ИТХ-ын сонгуульд МАН 64,7 хувь, АН 35,2 хувь, Сайншанд сумын ИТХ-ын сонгуульд МАН 70,5 хувь, АН 29,5 хувийн саналаар илт давуу ялалт байгуулсан тухай мэдээлэл түгээд байна.

Харин Сүхбаатар аймгийн 2-р багт болсон сонгуулиар АН ялалт байгуулсан бол Багахангай дүүргийн нэгдүгээр тойрогт болон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуульд мөн л МАН ялсан тухай мэдээлэл гарсан.

Тэгвэл орон нутгийн дахин болон нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар худал мэдээлэл цацаж байгааг АН-ын зүгээс шүүмжлээд байна. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “Сүхбаатар аймгийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь 70.8 хувиар ялалт байгуулсан байна. Эрх баригчдын зүгээс олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийж байна. Дорноговь аймгийн сонгуулийн ирц хүрээгүй. Дундаж ирц 34.69 хувьтай байсан. Энд дахин санал хураалт болно. Гэтэл Дорноговь аймгийн сонгуульд МАН ялсан мэтээр худал мэдээлэл цацаж байна” гэсэн юм.

Намууд энэ мэтчилэн зөрүүтэй мэдээлэл хүргэж байгаа бол Орон нутгийн сонгуулийн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос дараах албан ёсны мэдээллийг өгч байна.

СЕХ-НЫ МЭДЭЭЛЭЛД

“...Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёр хэсэг, Замын-Үүд сумын есөн хэсгийн сонгогчдын ирц хуулинд заасан хэмжээнд хүрээгүйн улмаас буюу нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул саналаа өгөөгүй сонгогчдын саналыг авах нэмэлт санал хураалт явагдана. Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт  явуулах тухай шийдвэрийг тухайн сумдын сонгуулийн хороо гаргаж хугацааг товлох юм.

Сүхбаатар аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн нэг мандатын төлөө АН-аас нэр дэвшигч олонхийн санал авч, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

Дорноговь аймгийн Алтанширээ, Улаанбадрах сумын ИТХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч, Улаанбаатар хотын Багахангай дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч нар олонхийн санал авч сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо” гэсэн байна.

СЕХ-ны мэдээллээс харахад, нийт найман мандатын төлөөр орон нутгийн дахин сонгууль өрнөснөөс хоёр мандат буюу Дорноговь аймгийн Сайншанд сум, Замын-Үүд сумын зарим хэсгийн сонгогчдын ирц хүрээгүйн улмаас дахин санал хураалт явуулахаар болсон байна. Иймд МАН, АН аль аль нь “дэгс” мэдээлэл өгсөн бололтой. Өөрөөр хэлбэл, дээрх сумдад МАН ялалт байгуулсан нь баталгаажаагүй бол АН-ын даргын хэлсэнчлэн нийт Дорноговь аймгийн хэмжээнд дахин санал хураалт явуулах шаардлагагүй болж байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top