Шинэ нисэх буудалд зорчигчийн урьдчилсан мэдээллийн систем нэвтрүүлнэ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.10.10/болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт систем /APP/-ийг Олон улсын шинэ нисэх буудалд нэвтрүүлэхээр болов. Энэ нь хилийн хяналт, шалгалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагууд мэдээллээ шуурхай солилцох, терроризмтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.

Урьдчилсан систем нь тухайн зорчигч тийз худалдан авсан, бүртгэл хийлгэсэн даруйд мэдээллийг нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн жагсаалт, нисч болохгүй-анхаарах зорчигчдын мэдээллийн болон виз, бусад мэдээллийн сангаас хайн, дүнг нь тухайн улсын хууль, хяналтын байгууллагад гурван секундын дотор илгээдэг байна. Энэ системийг дэлхийн 70 гаруй орон нэвтрүүлжээ.

Товч мэдээ

  • “Олон улсын төмөр замын тээврийн зорчигч, тээш, ачаа тээшийг хилийн боомтоор нэвтрүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах тухай конвенци”-ийн төслийн талаар хэлэлцээ хийхийг сайд Я.Содбаатарт зөвшөөрөв.

  • ”Үндэсний давхар даатгалын тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компанийн нэрийг “Үндэсний давхар даатгал” компани болгон өөрчлөв. Гадаадын давхар даатгалд шилжүүлж байгаа эрсдэлийн тодорхой хувийг дотооддоо хариуцсанаар даатгалын зах зээлийн хэмжээ 3.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэх юм.

  • Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1938 ажил хийхээр төлөвлөснөөс хэрэгжилт 94 орчим хувьтай байна. Нүүрс нийлүүлэгч “Багануур”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” компанийн бэлтгэл ажлын явц дунджаар 76 хувьд хүрчээ. Өвлийн улиралд гэр хорооллын 154 мянган хэрэглэгч орой, шөнийн цагийн хөнгөлөлтөд хамрагдахаар байна. Нийслэлд халаалтын 68 уурын зуухыг буулгаж, улс, нийслэл, аж ахуйн нэгж, орон сууцны 139 барилгыг төвлөрсөн дулаанд холбож дуусгах юм. Ингэснээр энэ өвөл халаалтын 68 уурын зуух утаа ялгаруулахгүй болж байна. 

Эх сурвалж: Засгийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top