ШАВАРТ УНАСАН ШАРЫН ЭЗЭН БУЮУ 14 ДҮГЭЭР БАЙРНЫ ОРШИН СУУГЧИД
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн IV хорооны 14 дүгээр байрны оршин суугчид Худалдаа хөгжлийн банкны шинээр барих 31 давхар барилгын ажлыг эсэргүүцэн, үүнийгээ илэрхийлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Оршин суугчид 2015 оноос энд асуудал, үл ойлголцол үүссэн гэдгийг хэлж байна. Шинэ барилга 28 давхар, подваль нь гурван давхар байх аж.
14 дүгээр байрны урд талын явган хүний замыг “хумсалж”, хашаа барьж, дотор нь ажил өрнөсөөр. 1958 онд ашиглалтад орсон 14 дүгээр байранд одоо 36 айл амьдардаг. Уг нь, 51 айлын зориулалтаар баригджээ. Нэгдүгээр давхарт нь хотын бусад орон сууцны нэгэн адил үйлчилгээний байгууллагууд байршсан. Тэд чимээ аниргүй, нам гүмхэн. Зарим нь юу болоод байгааг бараг мэдээгүй гэх янзтай. Хамгийн их эсэргүүцэж буй нь шаварт унасан шарын эзэн гэгчээр 14 дүгээр байрны оршин суугчид. Амьдралтай нь холбоотой учраас эсэргүүцэхээс аргагүй болов уу. Тэд хотын захиргаа, Худалдаа хөгжлийн банк, мэргэжлийн хяналтын байгууллага гээд яваагүй газар, уулзаагүй хүн байхгүй шахуу. Гэхдээ Худалдаа, хөгжлийн банкны удирдлагууд оршин суугчдыг хүлээн авч уулздаггүй тухай тэд ярьж байлаа. Хуулийн зөвлөх, барилгын гүйцэтгэгч компаниудын төлөөллийг явуулдаг. Тэд нь оршин суугчдад дээрэнгүй ханддаг гэж хэлэх хүн ч байлаа.
Хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэгч компанийн төлөөллүүд ирж уулзахдаа “Танай байрны ашиглалт дуусч байгаа. Нураахдаа хүрвэл онцгой байдлынхан ирээд, та нарыг гаргачихна. Орох орон, очих газаргүй болно шүү” гэх утгатай зүйл ярьсан гэдгийг оршин суугчид хэллээ. Өдөр, шөнөгүй барилгын ажил хийгдэж байгаа нь оршин суугчдын тав тухыг алдагдуулж байгаа гэнэ. 14 дүгээр байрны хамгийн урд талын агааржуулагчийн тоосгон яндан нурж унаснаас хэр зэрэг доргилт явагддаг нь харагдана. Зарим айлын таазны шавар нураад эхэлжээ. Явганаар зорчих замаа хаалгасан, байр нь байнга доргилт өгсөн хэцүүхэн нөхцөл байдалд 14 дүгээр байрныхан амьдарч байна. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Сууц өмчлөгчдийн холбоотойгоо нийлж тэмцээд ч Худалдаа, хөгжлийн банкны өмнө хүчин мөхөстөх болсон тухайгаа учирлах юм. Монгол Улсын Барилгын хууль, норм стандартыг ноцтой зөрчин, хүч түрэмгийлж байгаа нь мөнгөтэй, эрх мэдэлтэй томчууд байна гэсэн хардлагыг иргэдэд төрүүлж байгаа бололтой.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС ДҮГНЭЛТ ГАРГАЖЭЭ
Худалдаа, хөгжлийн банкны барилгын асуудалтай холбогдуулан мэргэжлийн хяналтын байгууллагаас 10 гаруй зөрчил жагсаасан дүгнэлт өгсөн гэдгийг оршин суугчдын төлөөлөл ярилаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 07/2806 тоот дүгнэлтээр удаа дараа хууль, норм, стандарт зөрчсөн зөрчил илэрснийг баримтжуулан, дүгнэлт гаргажээ. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 05/3585 тоот шийдвэрээр, Барилга, угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн байна. Харин Худалдаа хөгжлийн банкнаас 2018 оны аравдугаар сарын 09-ний өдөр гаргасан мэдэгдэлдээ “Одоогийн байдлаар ямар нэгэн барилга угсралт, суурь, газар шорооны ажил хийгдээгүй” гэж мэдэгджээ. Гэвч хашаан дотор бүтээн байгуулалтын ажил явагдаж, газар ухсан байдал илхэн харагдаж байлаа. Тиймээс л оршин суугчид нь Ажлын хэсэг байгуулж, зохион байгуулалтад орсон байна.
Н.ЭРДЭНЭТУЯА: МӨНГӨТЭЙ,ЭРХ МЭДЭЛТЭЙ ГЭЭД ДУРААРАА АВИРЛАЖ БОЛОХГҮЙ
(Чингэлтэй дүүргийн IV хорооны 14 дүгээр байрны оршин суугч)
-Манай байртай тулгаж хашаа бариад дотор нь барилгын ажил эхлэх гээд байна. Хуучин барилгаа нураангуут газраа бага, багаар ахиулаад явсан. Зүүн тийшээ нийтийн зам руу ороод мод, бут байсныг тайрч хаяж, хашаалсан. Өнгөрсөн долоо хоногт цаад талдаа газраа тэлсэн харагдсан. Мөнгөтэй банк, эрх мэдэлтэй хүн гээд ингэж дураараа авирлаж болохгүй шүү дээ. Манай барилгын доогуур зүүн Сэлбэ урсаж байгаа. Хөрсний ус орж ирдэг. Өөрсдийнхөө барилгыг хөрсний уснаас хамгаалах зорилгоор урт хоолойнууд суурьшуулахаар ажиллаж байна. Түүнийгээ “Танай байрыг хамгаалахаар” гэж тайлбарлаад байгаа юм. Үнэндээ манай байранд хамааралгүй зүйл. 30 метр гүн барилга руугаа ус орохоос нь хамгаалсан үйлдэл. Ойрын байшин барилгаас 30-50 метрийн зайтай барилга барих гэдэг стандартыг мөрдөхгүй байна. Одоо алхам ч газаргүй болчихлоо. Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдарна гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна.
-Худалдаа, хөгжлийн банкны удирдлагуудтай уулзсан уу?
-Уулзах хүсэлт, санал тавьсан. Банкныхан биш барилгын ажлын гүйцэтгэгч компанийн төлөөлөл гэж хүмүүс ирээд байх юм. Хуулиар зохицуулж болдоггүй зүйл гэж байхгүй. Оршин суугчдаар тохуурхдаг болсон. Танай байр нурахад онцгой байдлынхан та нарыг гаргаад явуулна гэж даажигнадаг. Та нар Баянхошуундаа очиж амьдарна уу, яана уу өөрсдөө мэд гэдэг.
-Байранд багагүй доргилт өгсөн байна?
-Гуравдугаар орцонд айлын тааз нурсан. Байшингийн дээврийн хамгийн урд талд байрладаг агааржуулалтын шавран яндан нурж унасан. Манай байр хөрсний усанд ойр учраас суурьгүй. Гэтэл тулгаж газар ухаад байна. Хятад барилгачид ажилладаг. Иргэдийн аюулгүй байдалд ч нөлөөлөхөөр нөхцөлтэй байгаа.
-Уг нь Худалдаа, хөгжлийн банкнаас нөхцөл байдлыг тайлбарлаж, эдэгдэл гаргасан байсан?
-Бидэнд бол мэдэгдээгүй. Хэвлэлээс мэдэгдлийг олж харсан. Тэдэнд эрх ашиг байдаг бол оршин суугчдад ч гэсэн эрх ашиг гэж байх ёстой шүү дээ. Бид тэмцлээ үргэлжлүүлнэ. Хэвлэлийн бага хурал хийнэ, хэвлэл мэдээллийнхэнд хандана.
Н.ТУУЛ: ОРШИН СУУГЧДААР ТОХУУРХДАГ БОЛСОН
(Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны 14 дүгээр байрны оршин суугч )
-Ямар учраас Барилгын хууль баталсан юм бэ. Стандарт, дүрэм мөрдөх, мөрдүүлэхийн тулд. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ байна. Явган хүний зам, гарц хаагаад хашаалчихсан. Банкны удирдлагууд уулзахгүй юм. Манайх 14 дүгээр байрны урд талын орцонд амьдардаг. Салхивчны яндан доргилтод хугарч унасан. Хатуу хучилттай замаа хуулж, газраа сунгаад, байрны хананд тулгаж хашаа барьсан. Байрны орчмоос 20 м2 газрыг зөвшөөрөлгүй авсан гэдэг. Барилгын хананд ямар цууралт өгч байгааг бид мэдэхгүй.
-Барилгын гүйцэтгэгч компанийнхан оршин суугчидтай уулзсан гэсэн?
-Гүйцэтгэгч компанийн инженер билүү хоёр хүн уулзсан. Та нарыг амьдрах нөхцөлгүй болгоход гудамжинд гарна гэсэн утгатай зүйл ярьсан. Газрыг бага, багаар авсан.
-14 дүгээр байрны айлуудыг өөр байранд нүүж ор гэсэн нь ямар утгатай яриа вэ?
-Замын цагдаагийн албаны ойролцоо баригдаж байгаад хоёр жил зогссон барилгад 14 дүгээр байрны оршин суугчдыг шилжин амьдар гэсэн утгатай зүйл ярьсан. Манайхан зарим нь тэр барилгыг нь очиж үзсэн байсан. Барилгын ажил эхлүүлэх гээд байгаа компанийн хуулийн зөвлөх нь "Байраа үнэлүүл. Онцгой байдлынхан ирээд та нарыг хөөгөөд гаргана" гэж сүрдүүлэх байдалтай хандсан. Манай байр 64-ийн тоосгон ханатай модон барилга шүү дээ. Би өөрөө барилгын технологийн инженер, барилгын төсөвчин мэргэжилтэй хүн. Зургийг нь хараад л ямархуу ажил хийгдэж, хийхээр төлөвлөгдөж байгааг мэднэ.
-Цахимаар хотын төвд 31 давхар ганц барилга байхад буруу юу байна гэсэн зүйл гарсан байсан?
-Өөрсдөө л тийм юм хийж байхгүй юу. Оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулах ямар хэрэг байна вэ. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч хүртэл хамт яваад дийлэхгүй байгаа гэдэг.
Э.АНАР: БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООСОН
(Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга)
Мэргэжлийн байгууллага ямар байр суурьтай байгаа оршин суугчдын санал, хүсэлтийг хэрхэн харгалзаж үзсэн бол. Энэ талаар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анараас тодруулсан юм. Тэрбээр "Манай байгууллагаас зөвшөөрөл өгсөн тохиолдол байсан. Бид тэр зөвшөөрлийг хүчингүй болгосон. Тухайн барилгыг цаашид үргэлжлүүлж барих эсэх дээр хүчингүй болгосон асуудал яригдаж байна. Худалдаа, хөгжлийн банкныхан “Бид хуучин барилгаа буулгах зөвшөөрлөө ашиглаж, бүрэн дуусгамаар байна. Манай хуучин барилгын хоёр давхар нь газар дор байгаа. Үүнийг чөлөөлөх гэхээр оршин суугчид барилга барилаа гэж эсэргүүцээд байна гэдэг. Би 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр өөрөө очиж, нөхцөл байдалтай танилцсан. Хананы бэхэлгээнүүд хийж байсан. Ийм бэхэлгээ хийж байж газар дор байгаа хоёр давхар подвалийн барилгыг авахгүй бол ёстой ойр орчмынхоо барилгуудын аюулгүй байдалд нөлөөлөхөөр байгаа юм. Түүнээс барилгын ажил явагдаагүй. Иргэдийн санал, хүсэлтийг нэг тийш нь шийдвэрлэж байж ажлаа хийгээрэй гэдгийг Худалдаа, хөгжлийн банкныханд хэлсэн” гэв.
ХХБ: АШИГ СОНИРХЛОО ХАМГААЛЖ,ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАНА
2018 оны аравдугаар сарын 9-ний өдөр 14 дүгээр байрны оршин суугчид Худалдаа, хөгжлийн банкны барилгын ажлыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулсан бол маргааш нь тус банкнаас хариу мэдэгдэл гаргасан юм.
Мэдэгдэлд,
"Тус банк нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий төрийн байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг бүрэн авсны үндсэн дээр болон олон улсад мөрдөгддөг шилдэг туршлага, стандартын дагуу нийслэл хотдоо чимэг болохуйц байдлаар өөрийн төв банкны байрыг барихаар төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар ямар нэгэн барилга угсралт, суурь, газар шорооны ажил хийгдээгүй байгаа болно. Гагцхүү зураг төслийн ажил болон барилгажих талбайн хөрсийг судлах, түүнд үндэслэн барилгын суурь.газар шорооны ажил эхлэхээсөмнөхөрсний даацыг хүчитгэх ажлуудыг Монгол Улсын барилгын стандарт, дүрэм журамд шаардагдахгүй ч, дэлхийн томоохон хотуудад өндөр барилгыг барихдаа баримталдаг жишгийн дагуу бэлтгэл, судалгааны ажил хийгдэж байна. Түүнчлэн зөвхөн банкны өөрийн төв байрны төдийгүй хот орчны тохижилт, хөгжилд урт хугацаанд сайнаар нөлөөлөх шилдэг шийдлүүдийг эрэлхийлж төсөлдөө тусгахаар зорин ажиллаж байна. Ингэснээр тус банкны ойр орчимд байрлах иргэд бизнес эрхлэгчдэд өгөөжтэй байх дэд бүтцийн болон бусад шийдлийг бид өөрсдийн хүч хөрөнгөөр байгуулах юм. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа, хөгжлийн банкны төв байрны гадна 12:00 - 13:00 цагийн хооронд хэсэг иргэд зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус цуглааныг зохион байгууллаа. Энэхүү цуглааныг зохион байгуулагчид нь Худалдаа, хөгжлийн банкны барилгын бэлтгэл ажлыг ямар нэгэн байдлаар харлуулан буруутгах, тасалдуулах, зогсоох, улмаар тус банкны бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутааж цаашилбал иргэд, харилцагчдыг төөрөгдүүлж банкийг хууль зөрчиж байгаа мэтээр үнэнд нийцэхгүй худал мэдээллийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн сувгуудаар санаатайгаар удаа дараа тарааж байна. Иймд, Худалдаа, хөгжлийн банкны ажил хэргийн нэр хүндийг гутаахад чиглэгдсэн аливаа хууль бус үйлдэл хийсэн, захиалан зохион байгуулсан буруутай этгээдүүдээр тус банк нь өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалж холбогдох төрийн байгууллагад хандах болохоо үүгээр мэдэгдэж байна” гэсэн байлаа.
Д.Дамдиндорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
ZAMIIN TUGJREL YAG INGEJ UUSSEN
наад ямбий байраа шинээр бариулахаа бод тэнэг малнууд тэмцээд байхаар. хүн хэлээрээ мал хөлөөрөө 14-р байрны малнууд аа????
өмнө ХХБ байр байхад та нар зүгээр л амьдардаг байсан биз дэ. харин ч хэдэн жил нар үзэж амьдарсандаа баярла.
орон сууцны иргэд мөнгөтэй газраас мөнгө авахаар улайрдаг болсоныг бүгд мэднэ. Өөр шинэ байр м2-ийг нь томруулж өгнө гэж байж л тохирч байгаа. Зарим нь хаа байсан замын нөгөө талаас ирж заргалдна. Хүсэлт нь нэг граж өгчих... иймл байна үнэгүй юм авах гэсэн боловсон дээрэмчид