ЧУУЛГАН: Гаагийн конвенцийн гишүүн орон болох хуулийн төслийг баталлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төсөлийг хэлэлцэн 72.3 хувийн саналаар баталлаа. 

Арбитрын байнгын шүүх нь Нидерланд Улсын Гааг хотноо байрладаг олон улсын маргаан шийдвэрлэдэг Засгийн газар хоорондын байгууллага юм. Уг байгууллагыг 1899 онд Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай Гаагийн 1899 оны конвенцийн 20-29 дүгээр зүйлд заасны дагуу Гаагийн энх тайвны анхдугаар бага хурлаар байгуулсан бөгөөд уг конвенцид 1907 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Одоогоор 121 улс орон уг байгууллагад гишүүнээр элсээд байгаа аж.

Тус байгууллага нь гишүүн улс орон, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болон хувийн аж ахуйн нэгжүүдийн хооронд олон улсын гэрээ хэлэлцээртэй холбоотойгоор үүссэн маргааныг түр арбитрыг байгуулах замаар хянан шийдвэрлэдэг байнгын үйл ажиллагаатай байгууллага юм. Ингэхдээ маргалдагч талууд хэн байхыг үл харгалзан түр болон хувийн арбитраас хямд өртгөөр маргааныг зохицуулах зорилготой бөгөөд тус байгууллагын олон улсын товчооны хуулийн ажилтнууд гишүүн улсдаа арбитрын ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч, мэдээллээр хангаж ажилладаг байна.

Манай улс тус байгууллагын гишүүн улс болсноор арбитрын шүүхийн Санхүүгийн тусламжийн санд хамрагдах эрхтэй болох бөгөөд гишүүн болсон тохиолдолд жилд 1071 еврогийн төлбөр төлөх үүрэг хүлээх юм байна.

Гишүүн орон нь олон улсын эрх зүйн мэдлэгтэй, арбитрчийн үүргийг гүйцэтгэх чадвартай, ёс зүйн өндөр нэр хүндтэй 4 хүртэлх хүнийг Шүүхийн гишүүнээр сонгуулах эрхтэй байдаг аж.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top