Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахаар зарлалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.10.12/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, 2019 оны төсвийн талаар үг хэлэх үеэрээ “Өнөө орой 18 цагаас төсвийн асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурал зарлаж байна” гэж мэдэгдлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаар “УИХ-аас Засгийн газрын нэгэн жилийн үйл ажиллагааг хянах гол үүргээ биелүүлж худалдагдахгүй байхыг, улс орны нийтлэг эрх ашгийг урьтал болгож хариуцлагатай ажиллахыг сануулж, уриалж байна. Хэрэв УИХ дээр дурдсан алдаа дутагдал, хуулийн зөрчлөө арилгалгүй 2019 оны төсвийг баталбал нийт ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүний хувьд, ард түмний нийтлэг эрх ашгийн үүднээс уг шийдвэрт хориг тавих болно.

Монгол улсын Ерөнхий сайд Хүрэлсүх ээ. Та хувьсгал хийнэ гэж амлаад Ерөнхий сайд болсон. Төсвийнхөө хувьсгалаас эхэлье гэж санал тавья. УИХ-ын дарга төсвөө 10 хувь хэмнэж болно гэлээ. Би 15 хувь хэмнэж болно гэж үзэж байгаа. Ерөнхий сайд та үлгэр үзүүлээд 20 хувиар хэмнэнэ гэдэгт би итгэж байна. Өнөө орой 18 цагаас төсвийн асуудлаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурал зарлаж байна” гэсэн юм.  

Сонирхуулахад, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага бөгөөд зөвлөл гурван гишүүнээс бүрдэнэ. Зөвлөлийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч, гишүүд нь Монгол Улсын Их Хурлын Дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар байна гэж хуульд заажээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top