УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.12/ нэгдсэн хуралдаан түр завсарлалаа.
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлсэн. Тэрбээр Засгийн газраас өргөн барьсан 2019 оны төсвийг эргэж харахгүй энэ чигээр нь батлах аваас хориг тавихаа мэдэгдээд байгаа юм. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
-УИХ-аар ирэх оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ дахь АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж, төсвөөр завсарлага авсан. Дээр нь Ерөнхийлөгч Х.Баттулга төсөвт хориг тавих мэдэгдэл хийлээ шүү дээ. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс эдийн засгийн хүндрэл гарахад нөөцөд авч үлдэх, хуримтлуулах зүйлээ төсөвт хийгээгүй. Мөн урсгал зардлыг 392 тэрбум төгрөгөөр нэмсэн нь алдаа. Энэ урсгал зардал бол үргүй зардал л болно. Өөрөөр хэлбэл, яам болон агентлаг, орон нутгийн удирдлагуудын гарын салаагаар урсдаг зардал болж хувирч байна. Тиймээс Ерөнхийлөгчийн тавьсан, хэлсэн байр суурийг дэмжиж байна.
-Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ гишүүдийн тойрогт хуваарилсан таван тэрбум төгрөгийн асуудлыг хөндлөө. Үүнд ямар тайлбарыг өгөх вэ?
-Сонгуулийн систем нь өөрөө жижиг мажиротар. Тиймээс эндээс сонгогдсон гишүүд нь тойрогтоо тодорхой хэмжээний ажлыг хийх үүрэг авдаг. Энэ хүрээнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг орон нутагт татах ажлыг хийж байгаа юм. Энэ жилийн хувьд хөрөнгө оруулалтыг дэмжсэн төсөв болж байна.
Өнөөдөр төр хамгийн том худалдан авагч болчихсон. Хөрөнгө оруулалтыг дагасан ажлын байр, үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж үзэж байна. Дээр нь орон нутагт хөрөнгө оруулалт нэмэгдэх нь тэнд ажиллаж байгаа иргэдийн орлого нэмэгдэнэ гэсэн үг.
-Таван тэрбум төгрөгийг ямар зориулалтаар олгож байгаа юм бэ?
-Ер нь тухайн тойргийн нийгмийн салбарыг дэмжихэд чиглэнэ. Жишээ нь, манай тойрогт гэхэд Соёлын төв, цэцэрлэгийн өргөтгөл зэрэгт зарцуулагдана.
Б.ЭРХЭС

Сэтгэгдэл ( 1 )
Үнэн.Тэгээд наад Сангийн сайд чинь төсөвт өөрчлөлт хийгүй гээд байгаа биздээ.Ямар их эрх мэдэлтэй сайд бэ.Хариуцлага энгийн иргэдэд ярих биш болохгүй байгаа сайд дарга нартаа ярьж огцруулж бусдад болдоггүй юм байна гэсэн ойлголт өгөх тал дээр ажиллаачээ АН-хаан.