УИХ-аас 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр баталсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, 2017 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр баталсан Малын генетик нөөцийн тухай хууль энэ оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байгаа. Эдгээр хууль батлагдсантай холбогдуулан “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 81 дүгээр тогтоолоор “... холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэх” үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ чиг үүргийн хүрээнд шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалтыг мал аж ахуйн салбарт үйлчилж байгаа бусад хуулийн зохицуулалттай нийцүүлэх, мөн эдгээр хуулийг батлах хүртэл үйлчилж байсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан бусад хууль тогтоомжид үүсэх давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, үр нөлөөллийг тодорхойлох ажлыг салбарын яам гүйцэтгэжээ.
Энэ ажлын үр дүнд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд нийт 14 зөрчил, 3 хийдэл илэрсэн тул нэр бүхий хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлага үүссэнтэй холбогдуулан Засгийн газраас эдгээр хуулийн төслийг боловсруулжээ. Эдгээр хуулиудад холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулснаар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлого, УИХ-аас шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалт бусад хууль тогтоомжтой зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Иймд УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.12/ нэгдсэн хуралдаанаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэх шийдвэр гаргалаа.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Монгол Улсаас экспортолж буй махны хэмжээ, мал, амьтны эрүүл ахуйн талаар асууж байв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хариулахдаа “Өнгөрсөн онд улсын хэмжээнд 20 мянган тонн мах экспортод гаргаж байсан бол энэ оны эхний хагасын байдлаар 20 мянган мах гаргаад байгаа. Оны эцэс гэхэд 50 мянган тоннд хүргэх боломжтой. Мал, мах авах хүсэлтэй улс орны тоо нэмэгдэх хандлагатай байна. Цаашид малынхаа тоонд биш чанарт анхаарах зайлшгүй шаардлага тулгарч байгаа, энэ үндсэн дээр мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулах замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, иргэд малчдынхаа орлогыг өсгөхөд анхаарч ажиллана.
Мал өсөж байгаа ч малынхаа эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай тулгараад байна. Иймээс малаа эрүүлжүүлэх, генетик нөөцийг нь бүрдүүлэхэд чиглэсэн хоёр хууль шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэн нь төрийн бодлогын чухал шийдвэр болсон. Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан, одоогоор 19 аймгийн мал эмнэлгийн газрын дарга нар томилогдоод байгаа. Малын шилжилт хөдөлгөөнийг хянаад эхэлсэн, энэ нь малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг арга юм. Шинэ хуулийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх, ингэхдээ хуулийн дагуу төр иргэддээ хүнд суртал, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчлэхэд салбарын яам анхаарна.
Аль ч улс малаа вакцинжуулах замаар малынхаа эрүүл мэндийг асуудлыг шийддэг юм байна. Манай улс бүх малаа вакцинжуулахад наад зах нь 100 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай, гэтэл бид төсвийн боломждоо түшиглэн жилд 15 сая толгой мал вакцинжуулж байгаа. Мөн Бэлчээрийн тухай хуулийн төслийг ярих цаг нь болсон гэж салбарын яам үзэж байгаа. Тариалангийн бүсээ тодорхой болгосон, цаашдаа усалгаатай тариалангийн хэмжээг нэмэгдүүлэх, үр, бордооны чанар сортыг сайжруулахад анхаарна” гэлээ.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
Uud ni
Hubid garsan buh yumiig ezed ni uus ni tataad ybah estoi