УЛС ТӨРИЙН ТОЙМ: Долоо хоногийн онцлох 7 үйл явдал

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 20

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ доло хоногийн эхээр Дорноговь, Говьсүмбэр аймагт ажилласан бол Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн лхагва гарагт /2018.10.17/ Ази, Европын дээд хэмжээний XII уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Түүнчлэн Засгийн газрын ээлжит хуралдаан болж хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгон УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж холбогдох байнгын хороонд шилжүүлсэн зэрэг өнгөрч байгаа энэ долоо хоногт улс төрийн үйл явдал өрнүүн байлаа. Ингээд энэ долоо хоногт болж өнгөрсөн ОНЦЛОХ ДОЛООН үйл явдлыг тоймлон хүргэж байна.



1. ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АЗИ, ЕВРОПЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ XII УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО


Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга өнгөрсөн лхагва /2018.10.17/ гарагт Ази, Европын дээд хэмжээний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. Тэрбээр XII дахь удаагийн энэхүү уулзалтад оролцож, үг хэлсэн төдийгүй зарим улсын Ерөнхий сайд нартай уулзаж, санал солилцлоо. Тэрбээр Ази, Европын дээд хэмжээний XII уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ "Өнгөрсөн 20 жилд АСЕМ бол Ази, Европын түншүүд бидний асуудал, шийдэл, боломжоо чөлөөтэй хэлэлцдэг өвөрмөц нэгэн “өргөө гэр” байж чадсан бөгөөд улс төр, аюулгүй байдлын асуудлаас гадна “хүмүүс хоорондын харилцаа”, “уялдаа холбоо” түүний дотор “хатуу болон зөөлөн” уялдаа холбоо, “хамтын ажиллагааны гарт баригдаж нүдэнд харагдахуйц чиглэлүүд” зэрэг ойлголт, зарчим нь АСЕМ-ын бусад механизмаас ялгагдах шинж чанар, АСЕМ-ын хамтын ажиллагааны онцлог “нэрийн хуудас” болж хөгжлөө.

Хүндэт төлөөлөгчид өө,  Монгол Улс 2006 оноос АСЕМ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд 2016 онд АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалтыг Улаанбаатар хотноо “Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн доор амжилттай зохион байгуулсан билээ. Дээд төвшний XI уулзалтаас баталсан “Даргын мэдэгдэл”, “Улаанбаатарын Тунхаглал” нь АСЕМ-ын гурав дахь арван жилийн улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засаг, нийгэм-соёлын салбарын хамтын ажиллагааны санал санаачлагууд, тэдгээрийн бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог илүү өргөн хүрээнд бэхжүүлэхэд чиглэсэн чухал баримт бичгүүд болсонд бид сэтгэл хангалуун байдаг" хэмээн онцолсон байна.


2. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАВ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн даваа, мягмар гарагт хөдөө орон нутагт ажиллалаа. Тэрбээр энэ удаад Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаж, тус аймгуудад үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан юм. Ерөнхий сайдын энэ удаагийн томилолтын гол зорилго Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн үйл ажиллагаатай танилцах байлаа. Өнгөрсөн зургадугаар сарын 22-нд үйлдвэрийн шаваа тавьснаас хойш авто зам, төмөр зам, эрчим хүч гэсэн гурван том дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Дэд бүтцийн ажил 40 хувьтай байна.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил бол Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын онцгой анхаарлын төвд байгаа ажил. Монголын ард түмний мөрөөдөл болсон ажил. Бид газрын тосны нөөцтэй атлаа үйлдвэргүй байсаар он удаан жил болсон. Өнөөдрийг хүртэл үйлдвэрээ барьж чадалгүй, түүхий нефтиэ зөвхөн экспортод гаргадаг байсан. Гэтэл өөрсдөө бид нефтиэ үйлдвэрлэх бүрэн боломжтой орон. Өнгөрсөн хугацаанд нефтийн үйлдвэр барина гэж хэд хэдэн удаа шав тавьсан боловч харамсалтай нь өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй. Харин одоо ажил явж байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтэц, эрчим хүч, төмөр замын ажлууд явагдаж байна. Энэ үйлдвэр бол Монголын ард түмнийг шатахуунаар хангах хамгийн том үйлдвэр гэж би хувьдаа ойлгож байгаа.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийг хөл дээр нь босгоход энэ үйлдвэр бидэнд хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Жил ирэх тусам шатахууны үнэ нэмэгдэж, шатахууны үнийг Засгийн газар нь барьж чадахгүй байна гэж ард иргэд маань шүүмжилдэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд Засгийн газар боломжит бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Бид асуудалд одоо цаг зуурын байдлаар хандаж, бие биеэ хуурахаа болино. Нефтийн үйлдвэрээ хурдан барья. Үйлдвэрээ ашиглалтад оруулснаар дэлхийн зах зээлийн давалгаан дээр явагдаж байгаа нефтийн үнээс бид эх орноо хамгаална. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор ард түмний бухимдлыг төрүүлсэн шатахуун, тослог материал үнэд орчихлоо гэдэг асуудлаас бид гарч чадна. Би үүнд итгэлтэй байна" гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.


3. С.ШОЙГУ ОХУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ХУВААР АНХ УДАА МОНГОЛД АЙЛЧИЛЛАА


ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв /2018.10.18/ гарагийн өглөө 08.15 цагт тусгай аяллын онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан. Түүнчлэн түүнийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гаргасны дагуу шагнал гардуулах ёслол Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд боллоо. Мөн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хэлэлцээ хийж, хоёр улсын яам хоорондын Зэвсэгт хүчний  хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх чиглэлүүдийг тусгажээ. Үүнээс гадна ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.


4. САНГИЙН САЙД 2019 ОНЫ ТӨСӨВД Ч ТОДОТГОЛ ХИЙХГҮЙ ГЭЖ МЭДЭГДЛЭЭ


УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв /2018.10.18/ гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дээрх мэдэгдлийг хийсэн юм. Тэрбээр "Төсөвт тодотгол хийхгүй гэдгийг би өнгөрсөн онд хэлсэн. Хэдийгээр өөдрөг төсөв төсөөлсөн байна гэж шүүмжилж байгаа ч тодотгол хийхгүйн төлөө ажиллах болно" гэх тайлбарыг өгсөн билээ.


5. ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ТАЛААР САЛБАРЫН САЙДЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар бинзен, шатахууны үнийн өсөлт, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын ханшийн өсөлттэй холбогдуулан гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Энэ аравдугаар сард нэг баррелийн дундаж үнэ 87 ам.долларт хэлбэлзэж байна. Цаашид газрын тос олборлох хязгаарлалт, үүнээс үүссэн эрэлтийн огцом өсөлт, АНУ-ын Ираны цөмийн хөтөлбөрт тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ ирэх арваннэгдүгээр сард огцом хэлбэлзэх, өсөх төлөв харагдаж байна. Засгийн газраас дэлхийн зах зээл дээрх газрын тосны өсөлт, вальютын ханшийн өсөлт, өөрчлөлттэй уялдуулж ирснийг мэдэж байгаа байх. Засгийн газраас татварын зохицуулалтыг үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн. Харин ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд зохистой арга хэмжээг авах нь хязгаарлагдмал байдалд орчихоод байна" гэж тодотгосон юм.

 

6. МАХН-ЫН ИХ ХУРЛЫГ ТӨРИЙН ОРДОНД ЗОХИОН БАЙГУУЛСАН О.БААСАНХҮҮ ГИШҮҮНИЙ ТАЙЛБАР


МАХН-аас нэр дэвшиж, парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн хоёрдугаар сард МАХН-ын Их хурлыг Төрийн ордонд зохион байгуулсан билээ. Түүнийг дээрх хурлыг зохион байгуулахдаа эрх баригч нам болон сөрөг хүчнээс мөнгө авсан гэж хардах хүн олон байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн пүрэв /2018:10:18/ гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр дээрх асуудалд хариулт өгсөн юм.  Тэрбээр "Надад мөнгө өгсөн намууд байгаа бол мөнгөө ирж аваарай. Би намын хурал хийхдээ аль намаас ямар мөнгө авснаа санахгүй байна. Би хуулийн байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэнэ" хэмээн байр сууриа илэрхийлэв. 


7. МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨХ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЛЭЭ


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнгөрсөн лхагва /2018.10.17/ гарагт Төрийн ордонд мэдээлэл хийхдээ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ "Төгрөгийн ханш суларч, ам.доллар чангарч байгаа нь бүх хүний анхааралд байна. Монголбанкны зүгээс ямар ч арга хэмжээ авахгүй байна. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2016 оны долдугаар сарын 20-нд үүрэгт ажлаа хүлээж авах үед нь төгрөгийн ам.доллартай харьцуулсан ханш 2143 төгрөг байсан. Энэ хүн ажлаа авснаасаа хойш  өнөөдрийг хүртэл 25.5 хувиар  суларсан. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх, хариуцлага тооцох асуудлыг хөндөн тавьж байгаагаа мэдэгдэж байна”  хэмээн онцоллоо.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.181.44) 2018 оны 10 сарын 20

tsag uuriin oorchololt

0  |  0
Top