Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өчигдөр /2018.10.23/ хэлэлцүүлэг зохион байгуулж, хуулийн төслийг сайжруулах чиглэл өглөө.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг УИХ 2012 онд баталсан ч Байгаль орчин, аялал жуулчлалын яам уг хуулийг хэрэгжүүлэх журмыг батлаагүйгээс зургаан жилийн туршид хууль хэрэгжээгүй. Үүний улмаас улсын төсөвт 5.4 тэрбум төгрөг төлөвлөрүүлж, усны нөөц, чанарыг хамгаалахад зарцуулах боломжийг алдсан. Түүнчлэн улсын хэмжээнд байгаа нийт 130 гаруй цэвэрлэх байгууламжийн талаас илүүгийнх нь үйл ажиллагаа доголдол, эвдрэлтэй байгаагаас жилд 120 сая гаруй шоометр бохир ус байгальд шууд хаягдаж, Туул, Хараа, Орхон, Хангал зэрэг голуудыг маш ихээр бохирдуулж байна. Иймд холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээллийг сонсож, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, цаашид авах арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэлээ.
Ингээд эхний мэдээллийг БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган хүргэлээ. Тэрээр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг 2017 оны арваннэгдүгээр сард баталсан. Үндэсний статистикийн газраас ААНБ-ын тооллогыг 1991, 1994, 1998, 2006 онуудад улс орон даяар улсын төсвийн санхүүжилтээр явуулж, үр дүнг нэгтгэж гаргасан. 1991, 1994 онд явуулсан тооллогод эдийн засгийн үйл ажиллагааны зарим хэсгийг хамруулж, тоологдох аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тоонд хязгаар тавьж байсан бол 1998 онд явуулсан тооллогод бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулж, эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал (ISIC)-ыг нэвтрүүлж, ҮСГ-т регистрийн санг уг ангиллын дагуу байгуулж, регистрийн сангийн баяжилтыг улирлаар хийж, түүвэр судалгааны хамрах хүрээ болгон ашиглах боломж нөхцлийг анх бүрдүүлсэн байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдах үед буюу 2012 онд эдийн засгийн бодит өсөлт (ДНБ) 12.9 хувь байсан бол 2016 онд 1.1 хувь буюу 2012 онтой харьцуулахад эдийн засгийн бодит өсөлт даруй 11.7 дахин буурсан. 2016 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулахдаа улс орны өмнө тулгамдаад байсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж “Аюултай бохирдуулах бодис”-оос бусад бохирдуулах бодисын төлбөрийн доод хэмжээг бууруулсан гээд хуулийн төслийн нөлөөлөл болоод хүрэх үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
Дараа нь Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал хийсэн мэдээлэлдээ, хуульд заасан нийтээр дагаж мөрдөх таван эрх зүйн баримт бичгээс одоогоор хоёр эрх зүйн баримт бичгийг батлаад байна. Тухайлбал, хуулийн 5-р зүйлийн 5.2 дахь хэсгийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар “Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам”, “Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцох аргачлал”-ыг баталсан. Хуульд заасан Сангийн яам, Татварын албанаас боловсруулах журам, аргачлал, тайлангийн маягт батлагдсан боловч зарим эрх зүйн баримт бичгийг холбогдох байгууллагууд өнөөг хүртэл батлаагүй байна. Мөн, “Ахуйн хэрэгцээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журам”. Түүнчлэн, төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээнд үндэслэн Засгийн газраас тогтоогүй, мөн усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, сав газрын захиргаа төлбөр төлөгчийн мэдээллийг татварын албанд ирүүлээгүй байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд заасан эдгээр эрх зүйн баримт бичиг өнөөг хүртэл бүрэн батлагдаагүй, усны бохирдлын хэмжээг ямар байгууллага хэрхэн тогтоох нь тодорхойгүй зэрэг шалтгааны улмаас Татварын байгууллага хуулийн хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна гэлээ.

Ийнхүү ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авсны дараа Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийн төгсгөлд хэлсэн үгэндээ, ус бохирдуулалтын хэмжээ өнөөдөр хэт өндөр, ойрын хугацаанд бид усны нөөцгүй болох судалгааг олон улсын байгууллагаас хүртэл гаргасан байна. Иймд энэ хуулийг сайжруулах, зарим зүйл, заалтыг тодорхой болгох шаардлага үүсэж байгаа тул өмнөх алдааг давтахгүйн тулд өнөөдрийн хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж байна гэв. Үүнд,
1.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлт нь удааширсан тохиолдолд түүний шалтгаан, нөхцөлийг тодруулж, шуурхай авах арга хэмжээ авч байх, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг батлан гаргах асуудлыг эрчимжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлж байгаа эсэхэд хяналт тавьж байх, ахуйн хаягдал усны төлбөрөөс иргэдийг чөлөөлөх, хөнгөлөх, эсхүл “тэг” хувиар оногдуулах асуудлыг судлан үзэхийг Засгийн газарт.
2.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төлбөрийн хэмжээний доод хязгаарыг 50-60 хувийг бууруулах, химийн бодисыг цэвэрлэх байгууламж, ус бохирдуулсны төлбөрийг тайлагнах асуудлыг анхааралдаа авч, судлан үзэхийг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт гэж заасан байна.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )