АЭХ-ны бүх шатны тэргүүний сонгууль үргэлжилж байна

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл  аймаг болон нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт үргэлжиллээ.

Дундговь аймагт болсон уулзалтад тус аймгийн 15 сумын эмэгтэйчүүд оролцож, санал, бодлоо хуваалцахын зэрэгцээ “Кашмер далай” цехийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагджээ. Говь нутгийн хөдөлмөрч бүсгүйчүүдийн хамтран байгуулсан тус цех 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг байна. Харин Өмнөговь аймагт уул уурхайг дагасан бүтээн байгуулалт өрнөж байгаа ч эмэгтэйчүүдийн дунд ажилгүйдлийн түвшин буурахгүй байгааг энэ үеэр онцолж байжээ. 

АЭХ-ны бүх шатны тэргүүнд нэр дэвшигчид говийн аймгуудад ажилласны дараа нийслэлийн Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт уулзалтаа үргэлжлүүлсэн юм. Сонгинохайрхан дүүргийн АЭХ-ны тэргүүнээр “Тэсо”  корпорацийн ТУЗ-ийн гишүүн, нийслэлийн болон дүүргийн намын хорооны гишүүн О.Наранбат сонгогдсон бол Чингэлтэй дүүргийн АЭХ-ны тэргүүнээр Н.Ундрах сонгогдов. 

Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуультай болсон. Гэвч хууль хэрэгжихгүй, эрх баригчид хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр хангалтгүй ажиллаж байгааг Дархан хотын бүсгүйчүүд хэлж байна. Харин Сэлэнгэ аймгийн бүсгүйчүүд газрынхаа үр шимийг хүртэж байгаа ч, төрийн бодлогын үр шимийг хүртэж чадахгүй байна гэлээ. Сэлэнгэ аймгийн 17 сумын төлөөлөл болсон эмэгтэйчүүд жижиг, дунд үйлдвэрлэл болон газар тариаланг бодлогоор дэмжихийг хүсч байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн байна.

Ардчилсан эмэгтэйчүүд ирэх өдрүүдэд нийслэлд ажиллах юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top