Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газар есдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь байхаар тооцсон байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, гааль татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ төсвийн сахилга батыг чангатган, үр ашгийг нэмэгдүүлэх замаар өрийн дарамтыг бууруулж төсвийн алдагдлыг 1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.4 хувь байхаар тооцоолсон байна. Мөн ирэх онд Төсвийн тогтворжуулалтын санд 322 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 550 тэрбум төгрөгийг шилжүүлэн ирээдүй хойчдоо өв үлдээхээр анх удаа хуримтлал үүсгэхээр тооцсон аж. Мөн ард иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд 672.6 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 67 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь “Цалинтай ээж” хөтөлбөр, Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх үндэс хэмээн үзсэн байна. Монгол Улсын Засгийн газар нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 877 төсөл арга хэмжээг 1.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төсөвлөснөөс 356 эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилгын хөрөнгө оруулалтыг төсөвт тусгасан нь иргэдэд төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээг илүү ойртуулсан, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хүүхэд бүрийг СӨБ-д хамруулах, анги дүүргэлт хэт өндөртэй сургуулийн ачааллыг бууруулж, 3 ээлжээр хичээллэж байгааг 2 ээлжинд шилжүүлэх зорилтыг биелүүлэхэд анхааран ажилласан байна.

УИХ-ын даргын 2018 оны 177 дугаар захирамжаар Монгол Улсын 2019 оны төсвийн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Төсвийн байнгын хороо болон дээрх Ажлын хэсэгт УИХ-ын гишүүд, төрийн байгууллагуудаас нийт 1 их наяд 640 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, 520.1 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлэх саналууд ирүүлжээ. Төсвийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2018 оны 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг үндэслэн нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулсан, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төсөл арга хэмжээг нэмж тусгах шаардлагатай байна хэмээн Ажлын хэсэг үзжээ. Төсвийн тэнцлийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн түвшинд нь барих зарчмыг баримталж, дээрх саналуудаас төсвийн боломжит нөхцөлтэй уялдуулж 2019 онд санхүүжих хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгагдсан төсөл, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлж тэвчиж болох үр ашиггүй зарим зардал, төсөл, арга хэмжээний зардлыг бууруулахаар бэлтгэсэн Ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг Төсвийн байнгын хороо нэгбүрчлэн хэлэлцэжээ. Дээр дурдсан хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд нийт 263.2 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдахаар байгаа аж. Энэхүү шаардлагатай эх үүсвэрийг төсөлд тусгагдсан зарим хөтөлбөр арга хэмжээний зардлыг бууруулах замаар бүрдүүлэх нь зүйтэй хэмээн Байнгын хороо үзжээ. Эдгээртэй холбоотой зарчмын зөрүүтэй саналыг Төсвийн байнгын хороо нэгтгэсэн байна. 

Дараа нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хуулийн төслүүдийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг танилцуулсан юм. Макро эдийн засгийн нөхцөл байдал, гадаад зах зээлийн ирэх жилүүдийн төлөв байдал, төрийн мөнгөний бодлогын зорилт эдийн засгийг тэлэхэд төдийлөн таатай бус үед Монгол улсын 2019 оны төсвийн хуулиудыг өргөн бариад байна. Төсвийн орлогыг 33 хувиар, нийт зарлагын дээд хэмжээг 20 хувиар, түүн дотор урсгал зардлыг 10 хувь, хөрөнгийн зардлыг 66.7 хувиар огцом нэмсэн төсвийг Засгийн газар өргөн мэдүүлсэн хэмээн үзсэн байна. Төсөв иргэдийн бодит амьдралд хүртээлтэй байх ёстой бөгөөд ирээдүйн зөв суурийг эхлүүлэх цоо шинэ, алдагдалгүй төсвийг батлахыг шаардаж, бас хүсэж байгааг С.Эрдэнэ гишүүн танилцуулгадаа дурдав. 

Ингээд гишүүдээс төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой горимын саналуудыг гаргаж, Төсвийн байнгын хороо болон УИХ-ын Тамгын газраас тодруулга тайлбар авснаар үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд Төсвийн байнгын хорооны гишүүд болон Ажлын хэсэг, бусад Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулах юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.121.234) 2018 оны 10 сарын 25

HANSH TAAMGAAR OSDOG BOLOHOOR OODROGOOR TOSVOO BUU

0  |  0
Top