Хүүхдийг сөрөг мэдээллээс хамгаалах хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

“Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” гэсэн ойлголт түгж “unfriend” хөдөлгөөний цахим орчинд амжилттай хэрэгжсэн. Энэхүү хөдөлгөөн нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээгээр өндөрлөхгүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учралын зүгээс “Хүүхдийг, тэдгээрийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж, өнөөдөр /2018.10.25/ Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Төслийн хэлэлцүүлэгт НҮБ-ын төлөөлөл, БСШУЯ, ЭМЯ, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөлүүд оролцсон юм.

Монгол Улсын нийт хүн амын 37.6 хувийн 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Мөн улсын нийт хүн амын 80,6 хувь нь интернет хэрэглэдэг бөгөөд 99,7 хувь нь гар утас хэрэглэгч байна. Мэдээлэл авч байгаа эх үүсвэрүүдийн хувьд нийслэлд 85.5 хувь нь зурагтаас, мэдээллийн вэб сайтаар 44,1 хувь нь, өдөр тутмын сонин хэвлэлээс 24 хувь гэж судалгаанд оролцсон иргэд хариулжээ. Харин телевиз үзэхэд зарцуулж байгаа хугацаа, эзлэх хувиар нь авч үзвэл ажлын өдөр 1-2 цаг 16.8 хувь нь, 2-3 цаг үздэг гэж 17.2 хувь нь, өдөрт 3-4 цаг үздэг гэж 14.1 хувь нь, 4-5 цаг үздэг гэж 11.5 хувь хариулжээ.

Энэхүү судалгаанаас харахад өдөрт дунджаар 3.5 цагийг телевизийнхээ өмнө өнгөрүүлдэг юм байна. Монгол Улсад хүүхдийн нэвтрүүлгийн дамжуулалт дэлхийн дундажтай харьцуулахад 51 хувиар бага, хүүхдийн кино, хүүхэлдэйн киноны дамжуулалт долоо дахин бага байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Харилцаа холбооны зохицуулах газраас гаргасан өөр нэгэн сонирхолтой судалгаа гэвэл таны хүүхэд телевизийн өмнө ажлын өдөр 165 минутыг, амралтын өдөр 303 минут өнгөрүүлдэг байдаг. Хүүхэд багачуудад ямар ч шүүлтүүр, цензургүйгээр хүрч буй өргөн нэвтрүүлэг, телевизийн сувгаар дамжуулагдаж буй контентод тодорхой бодлогоор зохицуулалт хийхгүй бол бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшилд хор хөнөөл учруулах аюул ойрхон байгааг хэлэлцүүлэгт оролцогчид дуу нэгтгэйгээр хүлээн зөвшөөрч байна.

Иймд шинээр боловсруулсан хуулийн төсөл нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээллээс хүүхдийг хамгаалах, тэдгээрийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн цогц зохицуулалтыг агуулсан бөгөөд уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдсэн орсон нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын гэрээнүүд болон үндэсний хууль тогтоомжид заасан хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах тухай зохицуулалтууд бүрэн хэмжээнд хэрэгжих, мэдээллийн үйлчилгээнд хүүхдийн эрх, ашиг сонирхол хамгаалагдах боломж бүрдэнэ гэж хэлэлцүүлэгт оролцогсод үзэж байлаа.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top