Бид нэгнээ баян, ядуу гэж ялгах боллоо.

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Хүн гэдэг амьтан шалдан ирээд шалдан буцдагаа төдийлөн мэдэхгүй байна уу даа. Хуримтлуулсан юмаа аваад буцдаг бол зэвтэй хадаас ч болсон цуглуулахсан. Даанч тийм биш юм. Энэ олон саятан гэгдэх хүмүүст нэг их атаархаад байх хэрэггүй бололтой. Нэг их амар амгалан яваад байдаг улс биш бололтой.

Тэдний ихэнх нь эцэг өвгөдөөс уламжилсан өв, өөрсдийн сурсан боловсрол, хөдөлмөрийн үр дүнгээр саятан болчихсон байдаг аж. Тэд нийгмийнхээ дунд бусдаас ялгархааргүй амьдардаг гэдэг. Зарим нь бүр энэ саятан гэхээргүй явж харагддаг гэх юм билээ. Харин юм үзэж нүд тайлсан тэд хурааж хуримтлуулаад байдаггүй нийгмийнхээ сайн сайхны төлөө цацаж байдаг гэсэн. Хөрөнгөндөө болоод зовж шаналсан нэг хэсэг ч байдаг гэдэг.

Монголчууд бид Сорс гэдэг буянтай хүний сангаас ямар их тусламж хүртсэнээ мэдэж л байгаа. Тэр саятнууд нийгмийнхээ хөгжилд анхаарч иргэдээ ялгалгүй ханддаг ажээ. Манайд бэл бэнчинтэй хүмүүс олон болж байгаа нь сайшаалтай. Иргэн баян бол улс баян гэдэг дээ. Харин ардчиллын 20 жилд шударгаар саятан болчихсон нь юу л бол.

Өнөөдөр нийслэлд ядуучуудын тоо нэмэгдсээр байгаа гэх. Бид монгол гэсэн нэгэн дээврийн дор амьдарч байгаа гэж бодоход баян, ядуугаар хуваагдах учиргүйсэн. Бидний хэн нэг нь ядуу хоосон байж болно. Цөөхөн нэгнийгээ гудамжинд орогнуулахгүй байж болохоор. "Өнгө нь зүгээр, эд нь муу юм. Дэмбэрэл юм үзээгүй юм болоод их л баярлаж байна билээ" гэж нэгэн кинонд гардагдаа.

Шинэ баян цээж өвчтэй гэгчээр манай шинэ үеийн саятнууд ядуухан нэгнээ түлхэхээс биш өөд нь татах сэтгэл дутдаг аж. Нэг бол тэдний ядуу яваа нь өөрт нь жаргал ч байдаг юм билүү. Монголчууд ядуугийн туйлаад бүү хэлтийгээсэй билээ.

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top