УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс төгрөгийн ханшийг чангатгах, Монголбанкны алдагдлыг бууруулахад авсан арга хэмжээний талаар илүүтэй сонирхов. Мөн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулахад бодитой арга хэмжээ авсан эсэхийг тодрууллаа.
Монголбанк одоогоор 720 сая ам долларын интервенц хийсэн бөгөөд энэ оны эцсээр нэг тэрбум ам.долларын интервенц хийх аж. Ингэснээр 2018 оны сүүлээр ханшийн сулралт таван хувийн хэлбэлзэлтэй байхаар тооцжээ. УИХ-аар хэлэлцүүлж байгаа Валютын зохицуулалтын тухай хуульд Оюутолгой болон Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүдийн гүйлгээг Монголбанканд данс нээж хийхээр тусгагдсан ба хуулийн төсөл батлагдвал валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж өснө хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хариулав. Түүнчлэн тэрбээр, ипотекийн зээлийн эргэн төлөлт 98 хувьтай байгааг тодотгохын зэрэгцээ 2017-2018 онд зээлийн хүртээмж бага байсан. Иймд 2019 онд ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар Байнгын хорооноос Монголбанканд чиглэл өгч, арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна” гэлээ.
Харин Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ипотекийн зээлийн асуудлыг Төвбанк бие даан шийдвэрлэхэд хүндрэлтэй байгааг дурдаад ОУВС 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газарт ипотекийн хөтөлбөрийг шилжүүлэх чиглэл өгсөн гэдгийг тодотгов. Тэрбээр, “Монголбанк эдийн засгийн бодит нөхцөл байдлыг тооцож үзээд Дэлхийн банктай хамтран ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ажиллаж байна. Монголбанк арилжааны банкны зээлийн хүү 21 хувьтай байсныг 17,8 хувьд хүргэж, цаашид ч бууруулах талаар ажиллаж байна. Мөн Монголбанк гурван их наяд төгрөгийн алдагдалтай байгаа бөгөөд холбогдох хуульд Засгийн газар өрийн бичиг, үнэт цаас гаргаж алдагдлыг хаадаг ганцхан зохицуулалттай. Гэвч эдийн засгийн нөхцөл байдал хүнд, Засгийн газарт санхүүгийн дарамт үзүүлэхгүй байх үүднээс Монголбанк үйл ажиллагааны ашгаас алдагдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байна” хэмээн тайлбар өглөө.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )