Төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг улсын хэмжээнд үнэлэх тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нарын хамтарсан тушаал гарсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас холбогдох албан тушаалтнуудын дунд семинар зохион байгууллаа.

Семинараар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, төрийн захиргааны байгууллагын ажлыг үнэлэх аргачлал, тайлагнах, төрийн мэргэшсэн албан хаагчийн ажилд үнэлгээ өгөх зэргийн талаар мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар семинарыг нээж хэлсэн үгэндээ “Төрийн албаны тогтвортой байдлыг хангах, мерит зарчимд суурилсан, улс төрөөс ангид, хараат бус, сахилга хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх нь Засгийн газрын баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын нэг гол зорилго” гэлээ. Мөн олон арга хэмжээ авч тодорхой үр дүн гарч байгаа ч сахилга хариуцлага тууштай хангагдаж чадахгүй байгаа учир улам бэхжүүлэхийн тулд эрс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай гэж үздэгээ тэмдэглэв.

Үнэлгээ өгөх хүрээнд Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хуулийг төрийн албан хаагчдаар судлуулсан байдал, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 258 дугаар тогтоол, Төрийн албаны ажилтны улсын зөвлөгөөний мөрөөр хийсэн ажлын үр дүнг байгууллага нэг бүрээр шалгана. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн ажил, мэргэшлийн түвшин, тухайн хүний ажил хэргийн чадвар, ажлын гүйцэтгэл, ёс зүйн байдлыг хүн нэг бүрээр шалгаж дүгнэх аж.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top