СҮХБААТАР: Олимпиадад тэргүүлсэн багш, сурагчид ОХУ-д суралцахаар боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

   Монгол-Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүнчлэн орос хэл, оросын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Сүхбаатар аймгийн ЗДТГ, ОХУ-ын элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл хамтран оросын соёлын өдрүүд нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ хүрээнд зүүн бүсийн аймгуудын төгсөх ангийн сурагчдын дундах орос хэлний олимпиад, орос дуу шүлгийн уралдаан, Сүхбаатар аймгаас ОХУ-ын их дээд сургууль төгссөн үе үеийн төгсөгчид, орос хэлний багш нарын “Москва орчмын үдэш, Эрхүүгийн хавар” сэдэвт дурсамж уулзалт зэрэг арга хэмжээ болсон юм.

“Монгол Оросын найрамдал харилцаа, хамтын ажиллагааны соёлын өдрүүдийн нэгдсэн арга хэмжээг анх удаа Сүхбаатар аймагт маш амжилттай зохион байгуулсандаа баяртай байна. Зорин ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлье. Бүх арга хэмжээ сайхан болж өнгөрлөө. Багш сурагчдын олимпиад, орос дуу шүлгийн тэмцээн ч үнэхээр өрсөлдөөнтэй боллоо. Зүүн бүсийн багш сурагчдаар бахархаж байна. Соёлын өдрүүдийн хамгийн онцлох арга хэмжээ бол төгсөгчдийн дурсамж уулзалт, үдэшлэгийн арга хэмжээ байсан. Энэхүү уулзалтын үеэр ОХУ-д сургууль төгсөгчдийн холбоог албан ёсоор байгууллаа. Тус холбоо нь Оросын соёл, орос хэлийг сурталчлах, ЕБС-уудтай хамтран олон төрлийн арга хэмжээ зохиохоор төлөвлөсөнд маш их баяртай байна. Бид цаашид энэхүү холбоог дэмжиж, хамтран ажиллах болно” хэмээн ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга, Оросын шинжлэх ухаан соёлын төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Татьяна Чагдуровна Будаева хэллээ.

Орос хэлний олимпиадад Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн багш сурагчид оролцсон бөгөөд шагналт байранд шалгарсан багш нар ОХУ-ын их дээд сургуулиудад нэг сараас нэг жилийн хугацаанд туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх сургалтын эрхээр, сурагчид ОХУ-ын их дээд сургуульд хүссэн мэргэжлээрээ тэтгэлгээр суралцах эрхээр шагнагджээ. Багш нарын зардлыг тухайн аймгийн ЗДТГ-аас гаргах бол сурагчдын суралцах хугацааны бүхий л зардлыг ОХУ-ын элчин сайдын яам хариуцах юм байна.

“Би долоодугаар ангиасаа орос хэл сурсан. Сүүлийн хоёр жил тууштай судалж чадаагүй учир олимпиаддаа хүссэн амжилтаа гаргаж чадсангүй. Гэхдээ зорьж ирсэн зорилгоо биелүүлж ОХУ-д тэтгэлэгээр суралцах эрхээр шагнуулсандаа баяртай байна. Орост барилгын инженерийг маш сайн бэлтгэдэг учир би ч бас барилгын инженер мэргэжлээр суралцана гэж бодож байгаа. Нөгөө талаар орос хэлний мэдлэгээ тухайн оронд нь очиж дээшлүүлэх боломж бүрдлээ. Үнэхээр баяртай байна.” гэж олимпиадын хоёрдугаар байрын шагналт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Г.Өсөхбаяр ярив.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top