Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.02/ нэгдсэн хуралдаанаар хуралдаанд оролцсон гишүүдийн 90.5 хувийн саналаар баталсан. 2019 оны Төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
-УИХ-аас 2019 оны төсвийг эцэслэн баталлаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд хэр өөрчлөлт орсон бэ?
-Улсын төсвийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2.7 их наяд төгрөг, үүнээс 1.3 их наяд төгрөг зээл тусламжаар хэрэгжинэ. Үлдсэн 1.4 их наяд төгрөг нь улсын төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ. Үндсэндээ Засгийн газраас оруулж ирсэн төсвийн орлого, зарлага, төсвийн алдагдлын хэмжээнд ямар ч өөрчлөлт ороогүй. Харин зардал дотор ийш тийш нь гүйлгэх зүйлүүд гарсан. Тухайлбал, Гааль дээр бүрэн камержуулах, рентген машин суулгах, нэгдсэн мэдээллийн ситемийг суурилуулахад 20-иод тэрбум төгрөг тавигдсан. Гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүдээс 130 тэрбум төгрөг хасагдсан. 189 тэрбум төгрөгийг аймгуудад хөрөнгө оруулалт маягаар шилжүүлээд тэр нь орон нутгийн иргэдийн хурал хэлэлцэн шийдвэрлэх байсныг татаж, УИХ дээр нэр төрлөөр нь салгаж ангилсан.
-ЖДҮ-ийн зээлийн асуудалд УИХ-ын гишүүд холбогдоод байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэлд хэдэн төгрөг төсөвт тусгасан бэ?
-У.Хүрэлсүхийн Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэлд 2018 оны төсвийг хэлэлцүүлэхэд мөн 2019 оны төсвийн төсөлд мөнгө төлөвлөөгүй. Харин УИХ-ын хэлэлцүүлгийн явцад нэмэгдсэн. Засгийн газрын хувьд Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын бүх тусгай сангуудад шалгалт хийж байгаа. Шалгалтын үр дүнд гарсан зөрчлүүдийг хэрхэн арилгах талаар шийдвэр гаргана. Засгийн газрын баримталж байгаа гол бодлого бол энэ сангууд олон нийтэд ил тод байх ёстой. ЖДҮХС-гийн зээл олголоо гэхэд жижиг, дунд бизнес эрхлэгчийн төлөөлөл түүнд оролцдог, банк, төрийн байгууллагын төлөөлөл оролцож байгаад шийдвэрлэдэг байх журмыг Засгийн газраас боловсруулж байгаа.
-Гэхдээ ЖДҮХС-нд 48 тэрбум төгрөг тавьсан шүү дээ?
-УИХ дээр яригдаад орж ирсэн асуудал.
-УИХ-ын гишүүдийн тойргийн мөнгө гэж 5-8 тэрбум төгрөг төсөвлөж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр тойргийн иргэд сургууль өргөтгөх, засварлах, эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх гээд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай олон асуудал тавьдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын ажлууд тухайн тойрог дээр тавигдаад явдаг. Үүнийг гишүүдийн мөнгө гэж ярьж байгаа нь улс төржүүлж байгаа арга хэлбэр.
-Ирэх оны төсөвт өрийн асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
-Засгийн газар гадаадаас авсан зээлийн хүүнд жилд 1.4 их наяд төгрөг төлдөг байсан. Өнгөрсөн жил орчмын хугацаанд бид нэлээд их хэмжээгээр өрийг бууруулж чадсан. 2019 оны төсөвд зээлийн төлбөрт 870-аад тэрбум төгрөг тавигдсан. Ингээд үзэх юм бол бид зөвхөн гадаадын зээлийн хүүнд төлж байгаа төлбөрийг 500 гаруй тэрбум төгрөгөөр бууруулсан.
-2019 оны төсөвд хэмнэлт гарч чадсан уу?
-2016, 2017 онд төрийн байгууллагуудын зардлыг таначихсан юм. 2019 оны төсвийг хийхдээ бид 2018 оныхтой нь барьсан. Бодлогын хувьд өөрчлөлт орсон зардлуудыг нэмсэн. Шинээр сургууль, цэцэрлэг баригдлаа гэхэд тэнд ажиллах орон тоо, урсгал зардлуудыг нэмж өгсөн. Шинээр аврах анги байгуулагдлаа гэхэд тэнд зардал нэмэгдэнэ. Гэхдээ зарим байгууллагууд 2018 онтой харьцуулахад манай зардлыг таначихлаа гээд гомдол гаргаад байгаа.
-Ерөнхийлөгч аж үйлдвэрийг хөгжүүлэхэд төсөв суулгах асуудлыг хөндсөн. Энэ асуудал төсөвт хэрхэн суусан бэ?
-Засгийн газар төсвийг өргөн мэдүүлж байх үед тийм санал ирээгүй. Засгийн газар төсвөө УИХ-д өргөн мэдүүлсэн. Өргөн мэдүүлснээр төсөв УИХ-ын мэдэлд шилжсэн. УИХ дээр ямар санал ирүүлснийг би мэдэхгүй байна.
-Хөгжлийн банкаар дамжуулан “Голомт” банкинд таны гарын үсэгтэй 60 сая ам.доллар олгосон гэсэн мэдээлэл байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Сангийн сайдын эрхлэх асуудалд Хөгжлийн банк хамаагүй. Тэгэхээр Хөгжлийн банк дээр яригдаж байгаа зүйл Сангийн сайдад хамаагүй. Энд тэндэхийн арилжааны банкуудын авч байгаа зээлийг Сангийн сайд мэдэх албагүй.
-Та ЖДҮХС-гаас зээл авсан уу?
-Би маш тодорхойгоор сошиал сүлжээгээр дамжуулж аваагүй гэдгээ хэлсэн. Харин ЖДҮХС-ийн хөрөнгийг үр ашигтайгаар олгодог болох талаар саналаа илэрхийлж ирсэн.
-Шатахууны үнийн нэмэгдэлд Засгийн газар ямар бодлого баримталж байна вэ?
-Олон улсын нефть бүтээгдэхүүний үнэ буурч байгаа. Тэгэхээр зах зээлийнхээ голдирлоор шатахууны үнэ бууна гэсэн итгэл үнэмшилтэй байна. Засгийн газар онцгой албан татвараа тэглэчихсэн байгаа.
М.Бүүвэй

Сэтгэгдэл ( 6 )
угаасаа жижиг дунд үйлдвэр хөгжихгүй юаманд мөнгө зараад яахав дээ эмнэлэг багш нартцалин болгоод өгвөл таарна
Hulgaich hulgaich naraa chalgahuu
Тэр ерөнхий сайдынхаа өгсөн үүргийг яс биелүүлээрэй. Шударга зангаа битгий гээгээрэй.
Хүрлээ боловсрол өндөртэй,дээр нь бас зангаргатай мундаг хүн. Энэ хүний толгойд их юм бий дээ. Муулах биш дэвшүүлсэн зорилтын биелэлтийг нь харах хэрэгтэй. Хэлсэн ярьсан нь бодитой байгаад байхым
Хүрэлбаатар гуай минь Та нар шиг Этгээдүүд МАН АН-ынхан Улс орноо ингэж Удирдаж авч явддаггүй юм БНАСАУ-ын тэр залуу Удирдагчаас ичих хэрэгтэй Та нар жинхэнэ Удирдагч гэж ийм л байх ёстой Та нар шиг Улс орон Ард иргэдээ Шулж мөлжсөн ямарч Эх оронч сэтгэлгүй Этгээдүүд Худлаа ярьж Хулгай хийхээс өөр юу байна Хойч үе чинь Та нараас Хариуцлага нэхэх өдөр ирнээ
odo undesnii auditiin gazar shalgah yy. Ted shalgaad heregguie