УИХ-ын гишүүн Б.Жавхлан ЖДҮ-тэй холбоотой мэдээлэлд тайлбар өглөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

    УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж их хэмжээний зээл авсан гэх шуугиан олон нийтийн сүлжээнд хүчтэй өрнөж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан өөртэй нь холбоотой мэдээлэлд албан ёсны тайлбар өгчээ.


Өчигдрөөс ЖДҮ-ийн давалгаанд намайг нэлээд өргөн зохион байгуулалттайгаар онилж эхэлжээ. Твиттер, фэйсбүүк болон хэдэн сайт, сониноор зэрэг сэвлээ. Харин миний зүгээс тодруулга хийхээр нэр холбогдоод буй "Примьер инвест" компанид хүсэлт тавьж уулзлаа. Үйл ажиллагаатай нь товч танилцав. Анх 2014 онд байгуулагдахад нь "Долоон болдог" ХХК-ийн 25 хувийн оролцоотой байжээ.

 

Харин дараа жил нь (2015) "Долоон болдог" ХХК нь эндээс татгалзаж гарсан байна. Үүнээс хойш уг компанид "Долоон болдог" ХХК нь ямар ч хамааралгүй болжээ. Харин миний хувьд 2010-2015 онуудад "Долоон болдог" ХХК-ийн жижиг хувьцаа эзэмшигч байсан бөгөөд энэ талаар миний ХОМ дээр тодорхой байгаа. Миний эхнэр тус компаний хэзээ ч нэг төгрөгийн ч хувьцаа эзэмшиж байгаагүй. Гэтэл бас зургийг нь тавьсан байна лээ.

Үүнээс хойш миний хувьд тус компанитай ямар ч хамаарал байхгүй. Мөн эдгээр хүмүүс ч миний өмнө аливаа хариуцлага хүлээх шаардлагагүй юм. За, эзэмшлийн хувьд дээрх мэдээлэл байна. Харин үйл ажиллагааны хувьд гэвэл Дарханд ЖДҮ-ийн чиглэлээр амжилттай яваа компан юм байна аа. Үхрийн шир боловсруулах үйлдвэр. Экспорт хийнэ, импорт орлоно. Бүтээн байгуулалт нь 80 хувь яваа. 50-иад ажлын байр бий болгосон байна. Манайхны өрхийн болон гар урлал, мөн ЖДҮ-ийн чиглэлээр үхрийн ширээр хийгддэг цүнх, гутал, гоёл чимэглэл зэрэг бүтээгдэхүүний үндсэн материал болох хавтгай үхрийн ширэн бэлдэц үйлдвэрлэх юм байна. Ингэснээр Дархан дахь олон жижиг кластеруудыг түүхий эдээр хангах боломж бий болох нь ээ. Өөрөөр хэлбэл, уг үйлдвэрлэлийг дагаад олон жижиг үйлдвэрүүд бий болох боломжтой юм.

Сайн байна амжилт хүсье. Тэнд бодит шинэ ЖДҮ төрөн гарч байна. Бид ийм баялаг бүтээгч нарыг бүх нийтээрээ дэмжих ёстой. Харин энэ давалгаанд өртсөн энэ мэт бойжиж буй үндэсний үйлдвэрлэгч нар биднээс болж үйл ажиллагаанд нь эрсдэл үүсч доголдох вий гэж санаа зовлоо. Ер нь манай дарханд ЖДҮ хөгжих олон давуу тал бий. Зах зээл сайтай. Цахилгаан, дулаан, усан хангамж, барилгын түүхий эд, зам харилцаа дэд бүтэц, мэдээлэл технологийн сүлжээ, хамгийн гол зүйл боловсон хүчин бүгд бүрэн хангагдсан байдаг.

Дашрамд хэлэхэд, "Долоон болдог" ХХК нь манай импортыг орлогч, үндэсний KITCHEN ALL брэндийг үүсгэн байгуулагч юм. Бид бүгд Дарханы залуус! Үеийн үед Баялаг бүтээгч, бүтээн босгогч, санаачлагч Дарханы залуусаараа бахархаж байна. Амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top