УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал гишүүдийн ирц хүрэхгүй шалтгааны улмаас товлосон цагаасаа 1 цаг 10 минутыг дараа эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх байсан ч мэдээлэл хийх гишүүд ирээгүйн улмаас хоёрдугаар асуудал болох Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээний талаарх Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийлсэн.
Тэрбээр “Үнэмлэхүй олонх МАН-ын бүлэг хурлаа хуралдуулж чадахгүй байна. Нийгмийнхээ уур амьсгалыг хар л даа. УИХ-ыг тар гэж шаардаад байдаг. Тийм байхад бид хариуцлагаа дээшлүүлэх хэрэгтэй байна. Хэрэв дараа дараагийн хурал ийм байдалтай байвал Байнгын хороодын гишүүдийг сольсон нь дээр” гэсэн юм.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )