2019 оны төсвийн хоригийг хэлэлцэх хурал гурав дахь удаагаа цуцлагдлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

УИХ-ын гурван байнгын хорооны хуралдааныг өнөөдөр /2018.11.20/ товлоод байсан ч ганц Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болов. Тус байнгын хорооны хуралдааныг 11:00 цагт зарласан ч хуралдаан 14:28 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Эл өдрийн хуралдаанууд дунд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг 09:00 цагаас зарлаад байсан ч ирц бүрдээгүйн шалтгаанаар хойшлогдлоо. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч ийнхүү гурав дахь удаагаа цуцлагдаж байна.

Мөн Өргөдлийн байнгын хорооны хуралдааныг 11.00 цагаас зарлаад байсан ч ирцгүйн улмаас УИХ-ын 1998 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсох асуудал хойшлогдов.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top