Төсөвт тодотгол хийх замаар Ерөнхийлөгчийн хоригийг шийдвэрлэхээр санал нэгдэв

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2018.11.23/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны төсөвт тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцэж, төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхээр санал нэгдэв.

Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмээн үзэж Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьсан юм. Мөн төсвийн үрэлгэн зардлуудыг танах замаар 500 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, аймаг бүрт уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, аж үйлдвэрийн комбинат байгуулах ажлыг санхүүжүүлэх арга хэмжээг төсөвт тусгах шаардлага тавиад байсан. Эрх баригч намын гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2018.11.22/ төсөвт тавьсан хоригтоо тодотгол хийж, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санхүүжилтийг төсөвт тусгах шаардлагатайг онцолжээ. Тиймээс Ерөнхийлөгчөөс ирүүлсэн тодотголыг Төсвийн байнгын хороо дахин хэлэлцсэн нь энэ юм.

Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг дэмжих, төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай 500 тэрбум төгрөгийг 2018, 2019 оны төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгох горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top