УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай албан бичгийг энэ сарын 19-нд өргөн барьсан. Дээрх гишүүдийн төлөөлөл өнөөдөр /2018.11.27/ УИХ-ын дарга болон Аюулгүй байдлын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны дарга нарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил энэ талаар “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг холбогдох байнгын хороо болон чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэнэ. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр ЖДҮХС-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй байхыг шаардаж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийг санал хураалтад оролцуулах нь шударга шийдвэр гарахад сөргөөр нөлөөлнө” гэсэн юм.
Дээрх гишүүд Улсын Ерөнхий прокурор, АТГ-аас гишүүдийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан нь үнэн эсэх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэхийг шаардаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагын албан ёсны мэдээлэлд тулгуурлан ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт нэр холбогдсон гишүүдийг байнгын хороо болон чуулганы хуралдааны санал хураалтад оролцуулах эсэхийг шийдэх ёстой хэмээн үзэж байгаа аж.
М.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл ( 1 )
УИХ ын гишүүний бүрэн эрхэнд халдахыг уриалдаг яасан их эрх дархтай хулгайчууд вэ ?аягүйдвэл АТГ, Прокурорын хамгаалалт авч өөрсдийгөө хэн гэдгээ илчлэх юм биш биз дээ!