УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо нийт 19 гишүүнээс 16 гишүүний буюу 82.4 хувийн ирцтэйгээр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна.
Хуулийн хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор холбогдох байнгын хороо, 14 хоногийн дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх учиртай.
Байнгын хорооны гишүүдийн зүгээс хуулийн хугацаа оройтсон болохыг сануулахад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Д.Хаянхярваа нар энэ сарын 19-нд 18:30 цагийн орчимд өргөн барьсан. Өнөөдөр мягмар гараг хэдий ч бид 18:30 цагаас өмнө хэлэлцэж байгаа учир боломжтой” гэснээр Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдээ уншиж танилцуулав. Тэрбээр
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар хууль шүүхээр батлагдаагүй, үндэслэлгүй мэдээллийг ярьж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээгээд “Улс орны эрх ашигт хохиролтой асуудлыг явцуу эрх ашигтаа ашиглаж байгаад харамсаж байна. ЖДҮ-ийн зээл авсан мэт УИХ, Засгийн газрын гишүүдийн нэр хүндэд халдаж байна. Ялангуяа миний бие болон надтай хамаарал бүхий хүмүүс ЖДҮ-ээс зээл аваагүй. Үүнийг шалгуулахаар би прокурорт хандсан” гэсэн юм.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Туркийн талаас хүн хулгайлах оролдлого хийсэн явдалд тайлбар хийлээ. Тэрбээр “Монгол Улсын нутаг дэвсгэрээс Турк Улсын тусгай хүчнийхэн хүн хулгайлах оролдлого хийсэн нь буруу. Онгоц дипломат шуудан авчирлаа гээд ирдэг. Харин тэр нь өөр зорилготой байсан бол бид эсэргүүцдэг. Монгол Улсын тусгаар тогтнолыг зөрчсөн явдалд бид хатуу эсэргүүцэл илэрхийлж байна гэж бид хандаж, тийм үйлдлийг таслан зогсоосон. Туркийн талтай маш хатуу яриа хийсэн” гэсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЖДҮ-гээс зээл авсан гэх сайдууддаа яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ? Мөн төсвийн асуудал хэлэлцэж байхад Засгийн газрын гишүүд яагаад суудаггүй юм бэ? гэж асуухад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч УИХ-аас ялладаггүй. Огцруулах нэг үндэслэл нь Монгол Улс төсөвгүй болох нь гээд яриад байгаа. Монгол Улсын төсөв шийдэгдчихсэн шүү дээ” гэсэн тайлбар өгөв.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Огцруулах үндэслэлийн 4-д заасан аж үйлдвэрийн парк байгуулах асуудлыг дэмжихгүй байна гэдэг нь үндэслэлгүй. Засгийн газарт ийм санал ирээгүй. Засгийн газарт өргөн мэдүүлээгүй асуудлын хүрээнд Ерөнхийлөгч хориг тавьсан. Би Төсвийн байнгын хорооны даргыг хоёр ч удаа хийж байсан. Сайдыг нь ч хийлээ. Тийм байхад намайг Төсвийн байнгын хорооны хуралдаанд үг хэлэх боломж олгоогүй шүү дээ” гэлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ЖДҮ-тэй холбогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцож байгаа. Цаашдаа ч хариуцлага тооцно. Намын даргын хувьд ёс зүйн хариуцлага гаргасан байна. Зээлээ төлж, ард түмнээсээ уучлал гуй гэдэг шаардлага тавьсан. Сайд нарын хувьд гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцно. Тооцсоор ч ирсэн. Ж.Бат-Эрдэнэ, Б.Батзориг сайд нарт хариуцлага тооцсон. Ерөнхий сайдад ярих зүйл гэж бий, ярихгүй зүйл гэж бий. Туркийн асуудлаар улс орны асуудал учраас хаалттай хуралдаанаар тайлбар өгч болно” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гээд бүлэг дээр шийдвэр гаргачихаад байхад Засгийн газрын сайд нар Хууль зүйн байнгын хорооны ирцийг хүргээгүй шүү дээ. Та нар ард түмний өмнө хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй сайд нар чинь ажлаа хийхгүй байгаа. ЖДҮ-д холбогдсон гишүүдэд яагаад бүгдэд нь 950 сая төгрөг өгчихсөн юм бэ. Яагаад 949 сая төгрөг байж болоогүй юм бэ” хэмээн асуухад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би ажлаа аваад жил болж байна. Олон ажил хийгдэж байгаа. Би улсыг эрүүл хүнсээр хангах, эрчим хүчээр хангах асуудал, нефтийн хангамжтай болгох асуудалд анхаарч ажилласан. Эдгээрийг хийхэд надад хориг садаа болохгүй байхыг л би хүсээд байгаа. Надад шалгах ажил их байна. “Эрдэнэт” үйлдвэр, Оюутолгой, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, концесс гээд олон асуудал байна. Эдгээр асуудлыг шалгахын тулд хотын дарга, УИХ-ын даргыг сольж өг гэж байгаа. УИХ яаж ажиллаж байгааг ард түмэн дүгнэдэг. Эрх баригч намынх нь даргын хувьд УИХ ямархуу нэр хүндтэй байгааг мэдэж байна. Гэхдээ би ЖДҮ-ийн зээлийн асуудлыг мэдэхгүй. Би гаргасан алдааг нь засахын төлөө явж байгаа. Би тусгай сангуудад шалгалт оруулсан байгаа. Үүний дараа хууль хүчний байгууллага ажиллана” гэсэн юм.
О.Содбилэг гишүүн “Та ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ мөнгөө төлөөд уучлалт гуй гэж хэлж байна. Гэтэл жинхэнэ ЖДҮ-ийн зээл хэрэгтэй байсан иргэдэд очихгүйгээр Ерөнхий сайдыг дэмжиж кноп дарсан гишүүдэд жигд тараагдсан байхад Та улс төрд шударга ёс тогтоож, цэвэрлэгээ хийнэ гэж мэдэгдэж байна. Та яагаад одоо болтол ЖДҮ зээл авсан хүмүүс рүү биш бүлгийн дарга, УИХ-ын дарга, хотын дарга гээд өөр тийшээ хариуцлагын асуудлыг гаргаж тавиад байгаа юм бэ” гэж асуув. Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “ЖДҮ-тэй холбоотой асуудлаар би хүнд мөнгө өг гэж хэлээгүй. Зээл авсан хүмүүсийн нэрсийн жагсаалт нэмэгдэж байгаа юм билээ. Тэгээд сайхан ярилцана даа. Яривал бүгдийг нь хамтад нь сайхан ярилцах ёстой. Би төр засгийнхаа эсрэг тэмцсэн зүйл байхгүй. С.Шойгу танк өгсөн ч гэх шиг. Тэгэж хэлсэн нөхөр УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгөх ёстой. Хэрэв ард түмэн намайг дэмжээгүй бол би ажлаа өгөхөд бэлэн байна” гэж хариуллаа.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )