УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүний өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
О.Баасанхүү: Төрийн албыг наймаалцдаг асуудлаас тэмцлээ эхэлье
-Төрийн албанд байгаа бүх дарга нар авгай хүүхэд, нууц амаргуудаа дарга болгочихож. Зүгээр ажилтан байж болдоггүй юм уу. Энэ чинь 60 тэрбумын хэрэг. 20 настай дарга нэг сайдын хүү л байна. Төрийн албыг улс төрийн зорилгоор наймаалцдаг асуудлаас тэмцлээ эхэлмээр байна.
Г.Занданшатар: Засгийн газрыг огцруулах үндэслэл нь сургаар хийгдсэн
-Засгийн газрыг огцруулах үндэслэл нь сургаар хийгдсэн байна. Харин ганц үнэн зүйл нь бензин шатахууны үнэ нэмэгдэж байгаа явдал. Засгийн газар огцорсноор бензиний үнэ буурчихдаг бол огцроход бэлэн байна. Ирэх нэгдүгээр сараас үнэ буурах судалгаа байна. Валютын хувьд Орос, Хятад, Туркийн мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг унасан. Дэлхий нийтийн хандлагыг бид хянах боломжгүй.
Ц.Мөнх-Оргил: Та ЖДҮ-ийн зээлийг хянаж чадсангүй
-Бид ЖДҮ-гээс зээл авсан гишүүдэд ёс зүйн хариуцлага хүлээлгэхийг л шаардаж байгаа. Үндсэн хуулиар Ерөнхий сайд төрийн хууль хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцдаг. Тэгэхээр та ЖДҮ-ийн зээлийг хянаж чадсангүй. Туркийн Элчин сайд нот бичиг ирүүлсэн. Засгийн газрын дэмжлэггүйгээр ямар ч ажиллагаа явуулаагүй гэдгээ мэдэгдээд байгаа. Төсвийн хувьд УИХ аюулаас гаргасан. Засгийн газрын гишүүд энэ асуудалд зохион байгуулалттайгаар оролцоогүй.
Ж.Мөнхбат: Ард түмнээрээ дүнгээ тавиулъя
-УИХ-ын гишүүдтэй улс төрийн нам ганцхан асуудлаар хариуцлага тооцдог. УИХ-ын гишүүд гэдэг бол ард түмнээс сонгогддог. Тэгэхээр УИХ-ын гишүүдэд намын хариуцлага тооцох ёстой. ЖДҮ-ийн зээлийн асуудлыг шийд гэж шаардлага тавьсан хүмүүс намаасаа хөөгдөх байдалд хүрчихлээ. Энэ чинь юу болж байна вэ. Удирдах зөвлөлийн шийдвэрээр ЖДҮ-ээс зээл авсан гишүүддээ хариуцлага тооц гэж шаардсан гишүүдэд ЖДҮ-ээс зээл авсан намын ерөнхий нарийн бичгийн дарга хариуцлага тооцож болоод байна. Ийм зүйл болоод байгаа болохоор би Засгийн газар огцор, УИХ тар гээд байгаа юм. Би цаашид энэ шаардлагаа тавина. Ард түмнээрээ дүнгээ тавиулъя.
О.Содбилэг: Бид Засгийн газартайгаа хариуцлага тооцох эрхтэй
-УИХ-аас томилсон Засгийн газар нь ЖДҮ-ийн хөрөнгийг буруу зарцуулсан нь энэ засаг цааш ажиллах ёс суртахууны боломжгүй гэдгийг харуулж байна. Иргэдийн авах ёстой мөнгийг сайд нарын компани авчихсан болохоор энэ Засгийн газар огцрох ёстой. Үүнийг нь хэлэхээр гарын үсэг зурсан 27 гишүүнийг янз бүрээр цоллож байна. Энэ хүмүүс чинь байгуулсан Засгийн газартайгаа хариуцлага тооцох бүрэн эрхтэй.
Д.Хаянхярваа: Ерөнхий сайд аа, танд маш их гомдлоо
-Ерөнхий сайд аа, танд маш их гомдлоо. Та шүүмжлэл хүлээж авдаггүй юм байна. Би танд олон удаа үг хэлснийхээ төлөө шүүмжлэл хүлээсэн. Танд багаар ажиллах чадвар, удирдах чадамж алга байна. Юманд тооцоо судалгаатай хандаж чаддаггүй. Хий хоосон хийрхсэн реклам чинь ард түмэнд хүлээлт үүсгээд байна. Өнөөдөр дандаа реклам л явж байна. Та ажил, амьдрал мэдэхгүй байна. Бүх зүйлийг цэргийн хүний маягаар захиргаадаж ажиллана гэвэл та эндүүрч байна. Та сэлэмтэй байж болно. Та бүх хүнийг эвлэрүүлж, төрийг авч явах ёстой. Түүнээс хүмүүсийг дарамталж ажиллана гэвэл цаашдаа бүтэхгүй.
Н.Амарзаяа: Бид жилийн өмнө тогтвортой байдлаа алдчихсан
-Энэ Засаг өмнөх Засгийн газраасаа дордсон. Одоо хулгай гарч байна. Яамд хоорондын уялдаа байхгүй болсон. ЖДҮ-ийн мөнгө жинхэнэ эзэндээ очихгүй байгаа нь Засгийн газрын алдаа. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэж ард түмэн хүсч байгаа. Гэхдээ бид жилийн өмнө тогтвортой байдлаа алдчихсан. Хууль бус үйл ажиллагаа нь тогтвортой үйл ажиллагааны үндэс биш. Бүлгийн бодлогоо дэмжихгүй байх нь тогтвортой ажиллах үндэс мөн үү. Засгийн газар байгуулагдсан цагаасаа УИХ-тай хамтарч ажиллаж чадахгүй байгаа. Шалтгаан нь 60 тэрбум.
Д.Эрдэнэбат: Ардчиллын амин сүнс рүү дайрч байгаатай ижил байна
-Ардчилсан нам Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэг дээр байр сууриа нэгтгэсэн. 1990 онд ардчилсан хувьсгалыг тэр үеийн нийгмийн бухимдлыг дарахын тулд тэргүүлэгч сэхээтнүүд хийсэн юм. Үүний үндсэн дээр бид УИХ-аа байгуулж байсан. Тийм учраас АН ардчиллын зарчмыг хамгаалж ажиллана. Тэр үед Ж.Батмөнх гуай өөрийнхөө саналаар огцорч байсан. Энэ бол төрийн хүний ухаалаг алхам байсан. Өнөөдөртэй харьцуулаад харахад асар эмэгнэлтэй зүйл болж байна. УИХ руу дайрч байгаа дайралт нь ардчиллын амин сүнс рүү мэс барин дайрч байгаатай ижил байна.
Ч.Хүрэлбаатар: Засгийн газар 6.3 их наяд төгрөгийн өрийг дарсан
-Засгийн газрыг огцруулах үндэслэлд эдийн засгийн өсөлт саарсан гэдэг нь үндэслэлгүй гүтгэлэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар 6.3 их наяд төгрөгийн өрийг дараад байна. Энэ бол амаргүй шүү. Монгол Улсын зээлжих зэрэглэл 2018 онд гурван шатлалаар нэмэгдсэн. Одоо Засгийн газрын тусгай сангуудад шалгалт орчихсон явж байна. Ингэж буруу зүйлүүдээ засаад явж байна. Ээлж дараатайгаар хийгээд явж байна. Гэтэл Засгийн газар юу ч хийхгүй байгаа юм шиг харлуулж болохгүй.
Н.Энхболд: Монголын нийгэмд аюултай үзэгдэл болоход бэлэн байна
-МАН-д ард түмэн 65 суудал өгч, хувь заяагаа даатгасан. Бид улс ороныхоо өмнө эвгүй байдалд орж байна. Огцруулах шалтгаантай ямар ч холбоогүй асуудлаар том мэдэгдэл хийгээд байх юм. ОХУ-аас танк өгсөн гэх зэргээр мэдэгдэл хийж байна. Монголын нийгэмд гал асчихсан байхад жаахан цочроо өгөхөд ямар ч хэмжээний аюултай үзэгдэл болоход бэлэн байна. Би Батлан хамгаалахын сайдын хувьд албан ёсоор хэлье. Гадаад орноос байлдааны зэвсэг авсан зүйл байхгүй. Л.Энх-Амгалан гишүүн уучлалт гуйгаарай. Бидэнд гадаад улсууд итгэхээ байж байна. Турктэй холбоотой асуудал ч адил.
Ж.Эрдэнэбат: У.Хүрэлсүх танд мэдээлэл буруу очоод байна
-У.Хүрэлсүх танд мэдээлэл буруу очоод байх шиг байна. Өнөөдөр төлсөн гээд байгаа бүх өрийг манай Засгийн газар бэлдээд өгчихсөн байсан. Нефть боловсруулах үйлдвэр, төв цэвэрлэх байгууламжийн асуудал, 10 аймагт дулааны станц байгуулах зэрэг ажлууд нь манай засгийн үед шийдэгдчихсэн асуудал. Бид гэрээ байгуулахад бэлэн болгоод үлдээсэн.
Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд аа, би тантай сайхан хамтарч ажилласан
-Бид ард түмний төлөө юу хийх ёстой вэ гэвэл ажлын байр бий болгож, ард түмнээ ядуурлаас гаргах ёстой. Үүний төлөө бид сонгогдсон. Ерөнхий сайд аа, би тантай хамтарч сайхан ажилласан. Гэхдээ зарим зүйл чинь таалагдахгүй байна. Тэр тусмаа ЖДҮ-тэй холбоотой хариуцлагын асуудал чинь таалагдахгүй байна. 950 сая төгрөгөөр хэдэн хүн ажлын байртай болох вэ. Үнэхээр ард түмний төлөө гэсэн сэтгэлтэй байсан бол ширээ шаагаад сэлмээрээ цавчих ёстой байсан. Үүний цаана ард түмний маш их гомдол байна.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Guitee Hurelsuhiin uls toriin karieriig ustagaa. Dutuu hiij bolohgui ee buren utgaar guitsee
Guitee Hurelsuhiin uls toriin karieriig ustagaa. Dutuu hiij bolohgui ee buren utgaar guitsee
Guitee Hurelsuhiin uls toriin karieriig ustagaa. Dutuu hiij bolohgui ee buren utgaar guitsee