Засгийн асуудлыг хэлэлцэх ХУУЛИЙН ХУГАЦАА тулчихлаа!

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.30/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай /Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн 2018.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн/ асуудлыг хэлэлцэх хуваарьтай байгаа. Хуулиар бол Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлснээс хойш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж улмаар 14 хоногийн дотор УИХ-аар эцэслэн шийдэх учиртай. Төрийн байгуулалтын байнгын хороо 2018.11.19-ний даваа гарагт өргөн мэдүүлсэн асуудлыг 2018.11.27-ны мягмар гарагт буюу найм хоногийн дараа хэлэлцсэн. Үүнийг тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Даваа гарагийн 18:30 цагт өргөн мэдүүлсэн албан бичгийг бид мягмар гарагийн 18:30 цагаас өмнө хэлэлцсэн тул хуульд нийцнэ” гэж тайлбарласан.

Харин одоо чуулганы нэгдсэн хуралдааныг хүлээх үлдлээ. Өнөөдөр сүүлийн хугацаа байх учиртай. Төрийн ордонд өчигдөр /2018.11.29/ өрнөсөн үйл явдал болон чуулганы нэгдсэн хуралдааны нөхцөл байдлыг харахад өнөөдөр ч улс төрийн гацаа арилахгүй байж мэдэхээр байна. Гэхдээ хуулийн хугацаа гэж бий. Хуулийн хугацаандаа асуудлыг шийдэхгүй бол УИХ өөрөө чадамжгүй байдалд хүрэх эрсдэлтэй. Иймд асуудлыг 14 хоногийн дотор шийдэх тул өнөөдөр сүүлийн өдөр. Эсвэл Төрийн байгуулалтын байнгын хороо шиг ирэх даваа гарагийн 18:30 цагаас өмнө хуралдана гэж зүтгэж ч магадгүй.

Хэдий нэг намын 64 гишүүн УИХ-д сууж байгаа ч Засгийн газраа огцруулахаар асуудал хөндөж эхэлсэн нь олон нийтийн дунд багагүй шүүмжлэл, үл ойлголцол үүсгэсэн. Гэсэн ч эрх баригч намын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрыг тогтвортой ажиллуулах шийдвэр гаргаж, улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газрыг дэмжих шийдвэр гаргаад буй.

Тэгэхээр чуулган хуралдвал Засгийн газар хэвийн ажиллах нөхцөл бүрдэх боломжтой болж байгаа нь тодорхой болоод байна. Д.Хаянхярваа нарын хүч буурсаар байгаа тухай мэдээлэл олон гарах болов. Тэдний эгнээнд байгаа 27 гишүүнээс Засгийн газрыг дэмжих нь зүйтэй гэж үзэх гишүүд гарах болсон байна. Ингэснээр Засгийн газрыг дэмжиж байгаа гишүүдийн тоо хэдийнэ 45-д хүрчихсэн гэнэ. Хэрэг явдал үндсэндээ хэсэг гишүүдийн Засгийг огцруулах гэсэн оролдлого болон харагдаж байгаа юм. Гол нь чуулган хуралдах л шаардлагатай байна.

Гэхдээ Төрийн ордонд өрнөж буй мэдээллээс харахад чуулганыг УИХ-ын дарга М.Энхболд гацааж байна гэх юм билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “М.Энхболд дарга чуулганыг хуралдуулахгүйн тулд УИХ-ын Ёс зүйн байнгын хороог болон АТГ-ыг ашиглаж байгаа” гэж тун бодитой жишээ, тайлбартай хэлээд авсан. Тэгэхээр УИХ-ын дарга үүргээ биелүүлж, чуулганыг хуралдуулах шаардлагатай болоод байна. Юутай ч Засгийн газрын хувь заяаг шийдвэрлэх хуулийн хугацаа тулаад байгаа тул улс төрд өрнөөд байгаа халуун сэдэв удахгүй намжих нь байна.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top