УИХ-ын чуулган 15.00 цаг хүртэл завсарлалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. Хуралдааныг завсарлуулахаас өмнө УИХ-ын гишүүн О.Содбилэг Ерөнхий сайд болон Сангийн сайдаас асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Ерөнхий сайд аа, та нефтийн үйлдвэрийг бариулахгүй хүн байна, О.Содбилэг ээ гээд байх юм. Би олон жил энэ салбарт ажилласан хүн. Танд хаанаас тийм мэдээлэл ирээд байна вэ. Энд чинь монопол байхгүй шүү дээ. Үнэндээ 20 гаруй компани өрсөлддөг. Харин ч эх орондоо үйлдвэртэй болохын төлөө ажиллаж ирсэн. Одоо ч ажиллаж байна. Мөн та хариуцлагын асуудлыг ярихаар халиад байна л даа. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудал Засгийн газрыг огцруулах гол үндэслэл болж байгаа. Гэхдээ хариултуудаас чинь харахад Засгийн газар энэ асуудлыг мэдэж байсан юм байна шүү дээ. Төрийн сангаасаа гарч байсан мөнгөнд яагаад хяналт тавиагүй юм бэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: ЖДҮ-г хамгаалж, өмгөөлсөн зүйл огт байхгүй. Зохион байгуулалттай зүйл ч байхгүй. Байвал би шууд огцорчихно, харамсалтай нь тийм зүйл байхгүй. ЖДҮ-г шалтгаан биш шалтаг гэж харж байна. Зарим нэг идэж уусан компанийн хажууд бол жижигхэн асуудал шүү. Харин ч илэрсэнд нь баяртай байна. Үнэхээр хууль бус үйлдэл нь батлагдвал огцруулаад өгье. Нефтийн үйлдвэрийн асуудлыг бүгд дэмжих хэрэгтэй. "НИК" гэдэг компанийг та нар хувьчилж авсан шүү. Монголын ганц өмч байсан компани. Та нар шатахууныхаа үнийг буулгаарай. Зарим үед хямдхан зарж бай. Хангалттай баяжсан та нар. Шатахууныхаа үнийг хямдруулаад өгвөл ард түмэн чамайг дахин сонгож магадгүй шүү. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: ЖДҮ дээр Засгийн газар 2018 оны төсөвт огт мөнгө тавилгүйгээр өргөн барьсан. Хоёр жил дараалж мөнгө тавиагүй явж ирсэн. Харин энэ сангийн 2017 оны төсөвт шалгалт хийж үзсэн. Хамгийн үр дүнгүй зарцуулагдаж байсан. Тиймээс оновчтой хэлбэрээр зарцуулах үүднээс мөнгө тавихгүй оруулж ирж байсан. Дээр нь төрийн сангаар гарч байгаа гүйлгээг Сангийн яам хянах ёстой гэнэ. Хэдэн арван сая гүйлгээ хийж байгаа шүү дээ...

Чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top