ШУУД: Чуулганы үдээс хойшхи хуралдаан нээгдэж, гишүүд үг хэлж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.30/ нэгдсэн хуралдааны үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы үдээс өмнөх хуралдаан 72 гишүүний ирцтэйгээр хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүний өргөн мэдүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан учраас өөрийгөө ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд, чуулганы өнөөдрийн хуралдааныг удирдахаас татгалзсан тул УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдрийн хуралдааныг даргалж байна.

Одоо УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авахын сацуу байр сууриа илэрхийлэх явц үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Бид ч шившгээ тарьж байна даа. Ялангуяа сөрөг хүчнийхээ өмнө. Уг нь, бид парламентад 65 гишүүнтэй, том бүлэг. Дээр нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга нэг намынх. Тэгсэн хэрнээ алингаа л алдаж байна л даа. Ерөнхий сайд тамын тогооны үлгэр шиг юм ярьж байна. Өнөөдрийн энэ танхимд сууж байгаа бидний цалин, Ерөнхий сайдын цалин, бусад хангамж бүгд татвараар орж ирдэг. Гэтэл намаараа талцдаг, намчирхаж байгаад хууль бус үйлдэл хийдэг. Эдийн засаг муу гэж ард түмэн бухимдаагүй. Харин хууль бус зүйл хийгээд байна гэж бухимдаж байна. Ерөнхий сайдыг хариуцлагын алхмаа нэг шат ахиулахыг хүсч байна. Зээл авсан нөхдөдөө хариуцлага хүлээлгээд явах хэрэгтэй байна. Ганц та биш таны дараагийн Ерөнхий сайд ч хүлээлгээд явах боломжтой шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “28 жил бугшсан алдаа завхрал зад үсэрч байна. Улс нь хөгждөггүй. Иргэд нь ядуу хэвээр байдаг явдал он удаан жил оршин тогтносон. Эцэс сүүлдээ 60 тэрбумын хэргээр төрийн албыг наймаалцдаг болсон. Энэ хэрэг яагаад нотлогддоггүй юм. Нотлоход тийм хэцүү биш. Бизнес бүлэглэлд үйлчилдэг, төрийн бодлогыг явцуу эрх ашгийн төлөө чиглүүлдэг. Өмнөх Засгийн газрыг ингэж ажилласан болохоор нь хариуцлага тооцсон. Тийм учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ажлаа хийхийг дэмжих ёстой. Сонгогчдынхоо захиалгаар ажиллах ёстой. Төр, нийгэмд томоохон өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлийг би цэвэр албан тушаалаа авч үлдэх гэсэн үйл ажиллагаа гэж харж байна. Ийм байж болохгүй. Монгол төрөөр тоглож болохгүй. Цаашид энэ алдааг нэн даруй засах хэрэгтэй. Энэ өдөр өөрчлөлт шинэчлэлийн салхи нь шуурга болон дэгдсэн өдөр байгаасай” гэж байр сууриа илэрхийлэв.

ШУУД ҮЗЭХ

 

Зарим хэвлэлээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл цацагджээ. Харин яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа Ерөнхий сайдад хандаж УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой асуулт тавилаа.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Д.Гантулгын асуудал нь шийдэгдээд явсан. Тэр хүний буруутай эсэхийг шүүх шийднэ. Намын даргын хувьд түүнтэй уулзсан. Өргөдлөө өг, чөлөөлөгд гэж хэлсэн. Тэр залуу ёс зүйн хариуцлагаа хүлээж, бүрэн эрхээ өгөөд явсан. Тэрэнд нь үнэхээр хүчирхийлэл үйлдсэн үү, эсвэл улс төрийн зүйл орсон уу гэдгийг шүүх тогтоох байх" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Ерөнхий сайдад утаатай тэмцэхийг сануулаад, “Түүхийн явцад МАН хэд хэдэн удаа хоёр хуваагдаж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 онд намаа хоёр хуваачихлаа” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Би УИХ-д таван удаа өрсөлдөж, дөрвөн удаа суудал авч, Монголын төрд 20 жил зүтгэж явна. Би өнөөдрийнх шиг ардчиллын үнэ цэнийг алдаж, талцаж хуваагдаж байсан парламентыг мэдэхгүй ээ. 2004 онд У.Хүрэлсүх бид хоёр нам дотор бугшсан бүхнийг шүүмжилж явсан. Өнөөдрийг хүртэлх 28 жилийн түүхэнд 15 Засгийн газар солигдож байсан. Хоёр нь л дөрвөн жил ажилласан. Үндсэн хуулийн гажгаас үүдэлтэйгээр ийм тогтолцоо явж байсан. Харамсалтай нь, энэ удаагийн УИХ шиг томилсон Засгийн газраасаа шүүмжлэл сонсож байсангүй” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би утаатай тэмцэнэ. Бас шударга бусын утаатай тэмцэнэ. Би намаа хуваагаагүй. Манай намын гишүүд надад шударга ёсыг тогтоогоорой, МАНАН-гийн бүлэглэлтэй тэмцээрэй, хууль бусаар баяжсан олигархиудтай амь насаа үл хайрлан тэмцээрэй гэж захисан. Би амь насаа алдахаас айхгүй. Ард түмний минь итгэл найдвар алдрахаас айж байна. Ард түмнийхээ шударга ёсны хүсэмжлэлийг биелүүлэх, шударга бусын хонгилыг эвдэх, олон жилийн угшилтай шударга бусын пирамидыг унагахыг хичээж байна. Ард түмэн намайг дэмжиж байгаа. Надад алдаа дутагдал байж болно. Гэхдээ надад эх орноо гэсэн сэтгэл бий. Би жирийн жолоочийн хүүхэд. 17 настай байхдаа цэрэгт явж, дөрвөн жил хил хязгаараа манаж яваад ирсэн. Эх орон ямар үнэ цэнэтэйг арми надад ойлгуулсан. Тийм учраас би өнөөдөр олигархиудтай тэмцэхийн тулд чанга дуугарч байна” гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат намайг гүтгэж байна. Орхон, Туул, Сэлэнгэ гээд бүх голыг бохирдуулсан гэнэ. Заамар сумаас Эрдэнэт хот хүртэл ямар олон аймаг, сум байгаа билээ. Өнгөрсөн хоёр жил намайг гүтгэсэн бүх мэдээлэл таниас гарсан юм биш биз дээ. Манай "Монполимет" компани 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ компанийг тайван байлга, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат та. Ер нь Дубайн гэрээг зурахад хэн байсан билээ, Ж.Эрдэнэбат та байж л байсан. "Эрдэнэт"-ийн 49 хувь дээр Засгийн газрын баталгааг хэн гаргаж өгсөн зэргээ бодох хэрэгтэй. Үүрэг хүлээж байгаа болохоос эрх ямба авч байгаа хэрэг биш, бид. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Өнөөдөр хэрүүл хиймээргүй байна. Монголын бүх ард түмэн харж байна. Бид хийе, бүтээе гэж орж ирсэн шүү дээ. Түрүүн нэг гишүүн хэллээ. МАН ингэж доройтож байгаагүй гэж. Тийм биш л дээ. Харин ч алдаа, оноогоо засаад цэвэрлэгээгээ хийж, цааш нь явах ёстой. Үйлдвэрээ барих хэрэгтэй байна. Ажлын байрыг бий болгох шаардлагатай байна. Өнөөдөр энд яригдаж байгаа энэ их мөнгийг үнэхээр зориулалтын дагуу зарцуулсан бол гэр хороололд дэд бүтэц хэдийнэ бий болчихсон байх байлаа. Хүнд хүсэл байвал хоёрхон жилийн дотор сургууль, цэцэрлэг барьж болдог юм гэдгийг харж байна. Бидэнд хийх зүйл их байна. Засгийн газар тогтвортой явах ёстой, одоо бүгдээрээ ажлаа хийе.


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дорж(145.255.168.195) 2025 оны 03 сарын 13

Батзандан маш зөв ярьж байна.

1  |  0
Зочин (66.181.177.252) 2025 оны 03 сарын 13

Оюун хорол авгай болио боль. Шүлсээ үсчүүлэх хугацаа чинь болсон. Энэ Эрдэнэбат новшийн амьтан байсан юм байна дөө. Гөлөлзөөд байж байгаа нь

1  |  0
Top