УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Өнөөдөр нэг талдаа шийдвэр гарах байх. Ялсан хүнийх нь зовлон маргааш эхэлнэ. Намынхантайгаа эвийг барьж ажиллахгүй бол болохгүй шүү. Улс даяараа талцаж байна. Энэ байдал тасрахгүй явна. Тиймээс өөр өөрсдийнхөөрөө энэ төрийг яаж янзлах вэ гэдэг дээр нэгдэе. Бид өмнөх парламентуудаас ялгарах юм алга.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Би олон жил төрд бэлтгэгдсэн улстөрчидтэй хамт их зүйлийг мэдэж, сонсож байсныхаа хувьд МАН ингэтлээ доройтож явсан түүх байгүй гэж хэлмээр байна. Та намыг хагалан бутаргаж байгаа нөхдүүдтэй, төрөөс төрсөн тэрбумтангуудтай тэмцээрэй. Тэгэж байж та монгол төрд шударга ёсыг тогтооно. Таныг Монголын ард түмэн дэмжиж байна гэж байна. Бас таныг дэмжихгүй байгаа хүмүүс ч бий. Тэгэхээр та мэдрэмжтэй хандаарай.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд, Т.Бадамжунай нар төрийн дээр гарчихаад байгаа нь үнэн. Яагаад "Эрдэнэт" үйлдвэр, концесстой холбоотой асуудал, нүүрсний мөргөцөг алга болсон асуудал АТГ дээр очоод усанд хаясан мэт алга болдог юм бэ. Өнөөдөр монгол төрийг бүлэглэл удирдаж байгаа. МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс нь М.Энхболд. Түүнийг огцруулах асуудлыг гаргаж тавьсан нь сүүлдээ Засгийн газрыг огцруулах асуудал болчихлоо. М.Энхболд дарга аа, Таны асуудлыг ярьсан болохоос Засгийн газрын асуудлыг яриагүй шүү.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Өнгөрсөн 25 жилийн хугацаанд МАК компани нэг ч удаа төрөөс тендер авч үзээгүй. Харин өөрсдийнхөө мөнгөөр төрийн хийх ёстой ажлыг хийсэн. 30 гэр бүлийн номер нэг нь би юм байна. Та Цагаан суваргын ордыг өг гэлээ. Ард түмний өмч хэвээрээ байгаа. Тэр орд газар тэндээ байж л байгаа. Тэр зэсийг нь би хармаалаад явчихаагүй байна. Бүх юмыг хурааж авна гэх юм. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг тэгвэл ав л даа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Монголын улс төрийн хатиг хагарч байгаад баяртай байна. ХОТШ банкнаас олон тэрбумаар нь авч, зүй бусаар ашигласан. АСЕМ-ийн нэрээр ашгласан байдлыг бүгдийг шалгах ёстой. "Эрдэнэт"-ийн луйвар, Дубайн гэрээний зууны дээрмийг шалгахыг ард түмэн шаардаж байна. Дубайн гэрээг болиулаагүй нөхдүүд өнөөдөр Засгийн газрыг унагах гэж оролдож байна. Унавал МАНАН бүлэглэлд ашигтай байх.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Би Засгийн газрыг хамгаална. Бүгдээрээ хэрүүлээ зогсооё. Бидэнд эдийн засгийн жаахан боломж гарч байна. Энэ боломжийг ашигламаар байна. Эв нэгдлийг ярих нь зүйтэй. Намын эв нэгдлийг бэхжүүлэхэд би улс төрийн алхам хийхэд бэлэн байна. Намын удирдлага ч гэсэн бурууд хатуу, зөвд зөөлөн байх хэрэгтэй. Удахгүй 2020 он боллоо. Ард түмэнтэйгээ уулзана. Сайхан хэрэлдэж байгаад ирлээ гэлтэй биш. Олон түмэн ч залхаж байгаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
ГАЛ ТУЛГАНААС АЛДАЖ ДЭЭ