Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд өнгөрсөн сард албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
Хотын дарга өргөдөлдөө "...Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т нийслэлийн 2019 оны төсвийг 2018 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн дотор батлуулахаар хуульчилсан болно. Иймд нийслэлийн ирэх жилийн төсвийг зохих журмын дагуу батлуулсны дараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэхийг хүсье” гэсэн байсан юм.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааны II хэлэлцүүлэг өнөөдөр /2018.12.05/ болно.
Тус хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай”, “Концессын зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
* * *
Сануулахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс НИТХ-д нийслэлийн Засаг даргыг огцруулах санал ирүүлсний дагуу ээлжит бус V хуралдааныг өнгөрсөн сарын 27-ны өдөр хуралдуулсан. Тус хуралдаанаас НИТХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл хойшлуулаад байсан билээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан тухай албан бичгээ НИТХ-д ирүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудалд шинэ нөхцөл байдал үүссэн тул НИТХ хуулийн хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэх боломжгүй болж байгаа тул нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг хаах бололтой.
Тодруулбал, НИТХ-ын ээлжит бус V хуралдаан Хурал дахь АН-ын бүлгийн саналыг үндэслэн Хуралдааны дэгийн дагуу 2018 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл түр завсарлуулсан байсан. Үүнтэй холбогдуулан тус асуудлаар хэлэлцэн санал хураалт явуулах байсан боловч хуралдаан завсарлах явцад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нь Монгол Улсын Ерөнхий сайдад албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гаргасан. Тиймээс “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдаас буцаан татаж байгаа талаар албан бичгээр илэрхийлсэн болно. Үүний улмаас Монгол Улсын Ерөнхий сайд “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу Засаг даргыг чөлөөлөх эрх зүйн үр дагавар үүссэн тул уг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс ээлжит бус V хуралдааныг үргэлжүүлэн хуралдуулж, тухайн асуудлаар санал хурааж шийдвэрлэх шаардлагагүй болсон гэж НИТХ мэдээлж байгаа юм.
Юутай ч дараагийн Хотын даргын томилгоог МАН-ынхан эхлээд тохирч, Удирдах зөвлөлийн хурлаасаа шийдвэр гаргах бололтой. Үүний дараа Удирдах зөвлөлийн дэмжсэн хүнийг НИТХ-д өргөн барьснаар нийслэлийн шинэ удирдлага тодорно. Гэхдээ одоогоор МАН-ын удирдлага болон Удирдах зөвлөл хуралдаж, энэ асуудлыг хэлэлцсэн гэх албаны мэдээлэл алга байна.
Д.ДАМДИН
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )
Batbold vndsen huuli zurchij huduuni irgedin niisleld amidrah erhig hasj booson uchir ali deer ogtsroh estoi Ogtsor