УИХ-ын даргыг эрх мэдлээс нь чөлөөлөх ”60 ТЭРБУМ”-ын хэлэлцүүлгийн сураг алга

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "60 тэрбум"-ын хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Түүнчлэн УИХ-ын нэр бүхий гишүүд түүнийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, мөн л албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаа билээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа хүлээлгэж өгтөл байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж, үр дүнд нь төрийн ажил гацаанд ороод байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад "60 тэрбум"-ын хэргээр хэлэлцүүлэг явуулахыг үүрэг болгосон байдаг. Тэрбээр "Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга 60 тэрбумын гэх хэргээр ирэх долоо хоногт тэр хэлэлцүүлгээ хий. Ес зүйн дэд хороо ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүд, сайд нарын асуудлаар хуралд. Хэрэв ирц нь бүрдэхгүй бол дэд хорооныхоо гишүүдийг чөлөөлж, өөр хүмүүсийг оруулж хуралдах нь зүйтэй. Би үүнийг УИХ-ын даргын хувьд үүрэг болгож байна. Намайг огцруулах гэж байгаа бол хуулийн дагуу асуудлаа тавь. Төрийн ажил хуулийн дагуу явах ёстой" хэмээн мэдэгдсэн юм. 

Харамсалтай нь, УИХ-ын дарга М.Энхболдын үүрэг болгосон ажил сураг алдарчээ. Учир нь, өнөөдөр Төрийн ордонд "60 тэрбум"-ын хэргээр хэлэлцүүлэг явуулах нь битгий хэл хэлэлцүүлгийг хэзээ явуулах нь ч тодорхойгүй байна. Шалтгаан нь, УИХ-ын дарга аман хэлбэрээр л үүрэгдсэн болохоос албан бичгээр ажил хэрэг болгох ямар ч алхам хийгээгүйтэй холбоотой аж. Тодруулбал, "УИХ-ын дарга аман хэлбэрээр л хэлсэн. Албан бичгээр ямар нэгэн зүйл ирээгүй. Өөрөөр хэлбэл, "60 тэрбум"-ын хэргээр хэлэлцүүлэг явуулах ажлыг зохион байгуулахаар хөөцөлдөж байгаа нэг ч хүн байхгүй байна" гэх тайлбарыг Төрийн ордонд сууж байгаа эрх мэдэл бүхий хүн өгч сууна.

Парламентын индер дээрээс "том дуугарсан" УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь бүтэн хоёр жил дагаж байгаа "шүдний өвчин"-өөсөө салахыг хүсээгүй бололтой. Шуудхан хэлэхэд, мань эр эрх мэдлээсээ татгалзаж чадахгүй нь. Гагцхүү үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлыг намжааж, нөгөө талаараа олон нийтэд таалагдахын тулд өнгөрсөн долоо хоногт дээрх үгийг хэлсэн гэж хардахад хүргэж байна. Эс бөгөөс УИХ-ын дарга М.Энхболдыг "60 тэрбум"-ын хэргээр хэлэлцүүлэг зохион байгуулахыг үүрэгдсэн үг хэдийнэ биелэлээ олж хөрсөнд буух байлаа. Харамсалтай нь, Төрийн ордонд ард түмний хүсэн хүлээж байгаа хэлэлцүүлгийн сураг ч алга байна. 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Газрын Наймаа (103.11.194.234) 2018 оны 12 сарын 13

Энкөлд гэх энэ нөхөр хулгай, дээрэм, тонуул хийсэн шүү дээ!! УБ хотын газрын Б.наранхүү гэгчтэй нийлэн зарж хувьдаа завшсан нь ГЭМТ ХЭРЭГ биш гэжүү? Энэ бол огцоруулаад хэрэг үүсгэх хангалттай үндэслэл!!! МИ овогт өнөөдрийн УБ-ын түгжрэл маш шахуу баригдсан олон муу байшингууд, хүн амын өвчлөл, өмчийн хулгай гээд бүх асуудлын эх үүсвэрийг тавьсан энэ бузар хулгайч огцорох ёстой!! 95 га газар Наранхүүд зүгээр өгөөд заруулсан энэ ТОНУУЛЧИН огцорох ёстой!

0  |  0
Top