Монголчууд бид сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ. Айлчлан ирсэн “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийнхээ засал номоо хийлгэж байгаа энэ өдрүүдэд иргэдийн дунд яригддаг зарим асуултыг тодруулахаар “Оточ манрамба” их сургуулийн судлаач багш, “Манба дацан хийд”-ийн зурхайч Д.Сайнсайхантай ярилцлаа.
-Айлчлан ирсэн “Урвуулагч” хэмээх гахай жилийн ерөнхий өнгийн талаар яриагаа эхэлье?
-Дорнын зурхай 12 жилийг таван махбодиор хувилгахад 60 жил байх бөгөөд үүнийг жаран хэмээн нэрлэдэг. Энэхүү жаран жил нь тус бүрдээ нэртэй бөгөөд тухайн жил ямар жил болох нь утга учиртай байдаг. Одоо 17-р жарны дунд үе дээр явж байна. Энэ жилийн хувьд “Урвуулагч” хэмээх шороон гахай жил гарлаа. “Урвуулагч” гэдгийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Сайн сайхан руу урвуулагч, сайн сайхан зүйл ирнэ гэх мэтээр.
Зурхайн шүн номлол судар 60 жилийн онцлогоос үзвэл, энэ жилийн тухайд урвуулагч буюу хямрал тэмцэлтэй, хүмүүн айж мэгдэх жил гарсан байна. Мөн жилийн өнгө хур бороо, ургац, хүн ардын байдлыг шинждэг шороон үхрийн зурлагаар бол үхэр нь шар толгойтой, ногоон ходоодтой, хөх биетэй, эвэр, сүүл, чих хөх, хоншоор цагаан, дөрвөн шийр цагаан, амаа хумхисан байдалтай, сүүлээ баруун тийш шарван яваа. Мөн үхэр хариулаач нь өвгөн хүн, цагаан царайтай, улаан хувцастай, хөх бүс бүслээд, олсон шилбүүр барьж, үс нь хоёр чихнийхээ урдуур унжиж, зүүн гутлаа өмсөж, баруун гутлаа биедээ зүүсэн, үхэртэйгээ зэрэгцэн алгуур алхаж явна. Энэхүү шинжээр хур бороо элбэг буюу жилийн сүүлч, зун, намрын дунд саруудад хур бороо, хяруу, мөндөр, цастай, тариа ургац, өвс ногоо сайн ургана, өвгөд настай буюу өндөр дээд суудалтанд сайн амгалан, идэр залуус буюу түшмэдэд дунд зэрэг, бага балчир нялхас буюу энгийн ард иргэдэд машид хатуу ширүүн байх төлөвтэй байна.
-Хүмүүс шинийн 15 дотроо заслаа хийлгэхийг чухалчилдаг. Энэ ч утгаараа энэ өдрүүдэд сүм хийд хүн ихтэй байна. Жилийнхээ засал номыг хэдийд хийлгэвэл зохилтой вэ?
-Энэ чинь бурханы шашин шүү дээ. Бурханы номондоо яагаад шинийн 15-ныг чухалчилдаг вэ гэхээр Бурхан багш хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ны хооронд эд хувилгааныг үзүүлж, олон тэрсүүд муу зүйлийг дарсан байдаг. Үүнийг их цаг буюу дүйчин өдөр гэх бөгөөд буян үйлдвэл илүү арвижна гэж үздэг юм. Нөгөө талаараа жил эхэлж байна. Жилийн эхний 15 хоног гэдэг утгаараа энэ үед засал номоо хийлгэхийг илүүд үзнэ. Гэхдээ шинийн 15-ны өдрөөс хойш засал хийлгэж болохгүй гэсэн зүйлгүй.
-Бага насны хүүхдэд засал хийлгэх шаардлагагүй гэсэн ойлголт байдаг. Та энэ талаар тодруулж өгөөч?
-Зурхайн ёсонд билгийн насаар есөөс доош насны хүүхдэд зурхайг нь тусгайлан зурж, засал ном хийдэггүй. Энэ нь эцэг, эхийнхээ засал, зүг мөрөөр тухайн хүүхдийн засал болчихдог гэсэн үг. Гэхдээ есөөс доош насны хүүхдэд бие өвчингүй байх тухайд Бумчин, элдэв ад дон, нялх хүүхдийн 15 хорлол хорлохгүй байх тухайд Загд жүсүм, хүүхдийн Банзрагч гэсэн гурван номыг бичиж өгдөг.
Хүүхдэд хамгийн чухал анхаарах ёстой нас нь 13-ны жил орох юм. Энэ жил билгийн насаараа 13-тай буюу 2007 оны гахай жилтэй хүүхдүүд гэсэн үг. Тэгэхээр 13-ны жил дээр хүүхдийг маш сайн анхаарах хэрэгтэй. Яагаад гэхээр хүүхэд 13-ны жил дээрээ газар лусын хор хөнөөлд өртөх, үүнээсээ болоод ужиг өвчинтэй болчих гээд байдаг. Жишээ нь, 13-ны жил дээрээ догшин газраар яваад унаж татдаг болж, насан туршдаа ужиг өвчтэй болох тохиолдол байдаг. Хүүхэд нарийн учрыг мэдэхгүй учир эцэг, эх үүнд анхаарах хэрэгтэй. Эрт дээрээсээ 13 болон 73-ны жил бие өвдөх нигууртай учир энэ насны хүүхэд, хөгшдийн биед анхаарах учиртай байдаг.
-Энэ жил тусгай засалтай ямар жилтнүүд байна вэ. Үүн дундаас могой жилтэй хүмүүсийг онцгой засалтай гэх юм. Энэ нь ямар шалтгаантай вэ?
-Жил бүр тухайн гарсан жилийн их харш жилтэй хүмүүс илүү анхаарч, засал хийлгэх хэрэгтэй байдаг. Долоо дахь жилийг их харш /Гахай жилийн их харш нь могой/, дөрөв дэх жилийг бага харш /бар, бич/ гэнэ. Их харш жилтэй үед амь насанд саад тотгор гарах гээд байдаг. Амь насны зэтгэр хөдөлдөг гэж үздэг.
-Энэ жил шинийн 5 хоёр тохиож байгаа. Шинийн зургаантай юу. Өдөр давхцдаг нь ямар учиртай вэ?
-Шинийн 5 хоёр байна. Шинийн зургаан байгаа. Гэхдээ шинийн 11 байхгүй, тасарсан. Өдөр тасардаг нь шар зурхай болон монгол зурхай буюу Төгсбуянтын зурхайд маргаан дагуулдаг. Жишээ нь, Хятадын цагаан сар Монголын цагаан сар зөрдөг шүү дээ. Энэ жил зөрөөгүй. Гэхдээ хэдэн жил болоод зөрдөг. Энэ нь өдөр тасардагтай холбоотой. Монгол зурхай нь сарны хөдөлгөөний байрлалаар үндэслэж зурагддаг. Билгийн тоолол гэдэг нь сарны тоолол гэсэн үг. Аргын тоолол нь нарны тоолол. Тэгэхээр сар, дэлхий хоёрын хоорондын харьцаа, нар дэлхий хоёрын хоорондын харьцааг аль алийг нь тооцож үздэг нь Төгсбуянтын зурхай юм.
Жишээ нь, шинийн 5 хоёр тохиож, шинийн 11 тасарч байгаа нь сар, дэлхийн тойрог замаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, дэлхий маань зөв бөөрөнхий хэлбэртэй биш учраас тойрог зам нь мөн тийм байдаг. Тэгэхээр сар нь дэлхийг тойроход нэг өдрийн туулах зам нь арай богино болоход өдөр тасарчихдаг. Сарны нэг өдрийн туулах зам ойртоод ирэхэд өдөр тасарч, холдохоор нэг өдөр тойрох замыг хоёр өдөр тойрно. Ингээд ирэхээр өдөр давхарддаг. Өдөр тасардаг, давхарддаг ойлголт нь өөрөө гараг эрхэсийн хөдөлгөөнөөс хамааралтай.
-Шинийн 7-нд золгодоггүй гэсэн яриа байдаг?
-Тийм ээ, шинийн долоонд хоорондоо золгодоггүй гэдэг. Айл хэсэж, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг.
-Шинийн долоон маргааш тохиож байгаа гэж ойлгох уу?
-Тийм ээ. Хоёрдугаар сарын 12-ны мягмар гаригт шинийн долоон тохиож байна.
-Манбадацан хийдийн тухайд шинийн хэднээс эхэлж ном хурж байна вэ. Бүх хийдүүд шинийн 15-ныг хүртэл ном хурах уу?
-Бурхан шашиныхаа ном ёсоор Бурхан багшийн дүйчин, буян хураах өдрүүд шүү дээ. Бүх сүм, хийдүүд шинийн 1-15 хүртэл тусгай ерөөл хурдаг. Монголын тухайд Өндөр гэгээн Занабазарын журамласан ёсоор ерөөл, хурал номоо хурж, жилээ даатган засал ном хийдэг. Өглөөний шаржийн уншлагаас гадна үдээс хойшдоо мөн ерөөл хурдаг.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
-Баярлалаа. Монголчууд амны билгээс ашдын билэг гэдэг. Энэ жил сайн сайханд урвуулагч жил гарч байна гэж ойлгон сэтгэж, сайн сайхныг бодож яваарай.
Сэтгэгдэл ( 2 )
Эртээр зурагтаар шинийн 7-нд золгодоггүй гэх ёс хаана ч байхгүй л гээд байсан. Хэн нь худлаа хэлчихэв
Шинийн 7 нд золгодгүй гэж ямар сүн бна. Энэ жил сонсож бна. Яахав зүгээр бодоход зурхайн ёсоор шинийн нэгний дүнсгэр юм уу даа,. Бид нар лам жаахан сүнгээ барьж юмаа ярих хэрэгтэй бхаа. Аль нь ч мэдэгдэхгүй юмаа мэдэхгүй гээд хэлчих хэрэгтэй. Мэдэж бгаа юм худлаа ярихаа болчих хэрэгтэй.