АНУ-ын сансрын НАСА агентлаг Ангараг гараг дээрх “Opportunitу” сансрын хөлөгтэй холбогдох сүүлчийн оролдлого хийхээр зэхэж байна. Сүүлийн найман сарын хугацаанд сансрын хөлөгтэй холбоо тасраад байгаа юм.
“Opportunity” хөлөг 2004 оны гуравдугаар сард улаан гараг дээр газардаж, тус гараг дээр нийт 45 км замыг туулсан байна. Өнгөрсөн жил хүчтэй шороон шуурга болсны улмаас Ангараг гарагт нарны туяа нэвтрэхгүй байгаа учир “Opportunity” хөлгийн нарны зайг цэнэглэх боломжгүй болжээ.
Хэдийгээр НАСА агентлагийн инженерүүд радио суваг ашиглан сансрын хөлөгтэй холбоо тогтоохыг оролдож байгаа ч 2018 оны зургадугаар сарын 10-наас хойш бүтэлгүйтээд байгаа аж.
Наймдугаар сард НАСА агентлаг 45 хоногийн хугацаанд хөлөгтэй холбоо барьж чадахгүй бол “Opportunity” хөлгийг “үхсэнд” тооцно гэж мэдэгдэж байсан ч энэ хугацааг 2019 оны нэгдүгээр сар хүртэл сунгаж, нөхцөл байдлыг дахин судалж үзэхээр болсон билээ. Хүн төрөлхтөн Ангараг гараг руу нийт 43 хөлөг илгээснээс 18 нь амжилттай газардаж байжээ.
НАСА агентлаг 2030-аад он гэхэд дэлхийн иргэдийг Ангараг гараг руу илгээнэ гэж амласан. Гэвч, эрдэмтдийн үзэж буйгаар манай гарагийн иргэд улаан гараг дээр амьд үлдэж чадах хүртэл буюу ойрын 25 жилд энэ нь боломжгүй гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )