Airbus хамгийн том онгоцны үйлдвэрлэлээ зогсооно

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

Европын “Airbus” корпораци дэлхийн хамгийн том хэмжээний зорчигч тээврийн онгоц болох Airbus A380-ын үйлдвэрлэлээ зогсоох шийдвэр гаргажээ. 2021 онд энэ загварын онгоцны нийлүүлэлт бүр мөсөн зогсох аж.

 

Энэ шийдвэр Арабын Нэгдсэн Эмират Улсын “Emirates” иргэний агаарын тээврийн компани Airbus A380 онгоц захиалгын тоог 162 байсныг 123 хүртэл бууруулсантай холбоотой гэнэ.

 

Ирэх хоёр жилд “Emirates” компани нэмж 14 онгоц авах гэнэ. Хэдийгээр Airbus A380 үйлдвэрлэл зогсч байгаа ч “Airbus” корпораци ашиглалтад буй онгоцнуудынхаа техник үйлчилгээг үргэлжлүүлэн гүйцэтгэх юм байна.

 

A380 загварын онгоцны захиалгыг бууруулсан хэдий ч “Emirates” компани “Airbus” компаниас A330-900 загварын 40 онгоц, A350-900 загварын 30 онгоц худалдан авах захиалга өгчээ. Гэрээний нийт дүн 21.4 тэрбум ам.доллар болсон байна.

 

Airbus A380 онгоц дэлхий дээрх хамгийн том хэмжээний онгоц юм. Энэ хөлөг 853 хүний багтаамжтай ба 575 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, далавчны дэлхэц нь 79.7 м, нэг удаад 15.2 мянган км зайд нисэх, 945 км/ц хурд авах хүчин чадалтай юм.

 

Airbus A380 нь 2005 оны дөрөвдүгээр сард анхны нислэгээ үйлдэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top