Дрон технологийн хэрэглээний боломжууд асар хурдацтайгаар нэмэгдэж байгаа энэ цаг үед Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, технологийн үндэсний парк нь "Хоббизоон" ХХК-тай хамтран өчигдөр /2019.02.20/ “Enterprise Drone” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээг төрийн болон бизнесийн байгууллагууд тусгай зориулалтын дроныг өөрсдийн үйл ажиллагаанд хэрхэн үр өгөөжтэй нэвтрүүлэх боломжуудын талаар нээлттэй хэлэлцэх зорилгоор санаачилжээ. Мөн бодит жишээнд тулгуурлан танилцуулж, цаашид тус шийдлүүдийг хэрхэн нэвтрүүлэх талаар санал, туршлага солилцсон юм.
Монголд анх удаа өргөн хүрээгээр зохион байгуулагдаж буй энэхүү уулзалтын үеэр дэлхийн шилдэг дрон үйлдвэрлэгч DJI компанийн байгууллагуудын хэрэгцээнд зориулсан шинэ дронуудыг танилцуулав.
Аливаа технологийн хувьсгал нь байгууллагуудын хамгийн үнэт нөөц болох зардал, цаг хугацааг хэмнэж, хөдөлмөрийн бүтээмж, үр өгөөжийг дээшлүүлэх боломжийг өдөр тутамд олгосоор байдаг. Сүүлийн 10 гаруй жилд үсрэнгүй хөгжсөн технологийн жишээ бол хүнгүй нисэх төхөөрөмжийн нэгэн төрөл болох “Дрон” юм. Дроныг бид өмнө нь зураг дарж, бичлэг хийх зориулалттай хэрэгсэл гэж хүлээн авдаг байсан бол тус технологийн хэрэглээ маш хурдацтай нэмэгджээ. Үйлдвэрлэлийн тоо хэмжээ болон дрон технологийн үр ашигтай байдал сайжирснаар дэлхийн улс орны төрийн хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд, энгийн хэрэглэгчид тус технологид хөрөнгө оруулалт хийх нь ч өргөн хүрээг хамрах болжээ. Тухайлбал, дроныг анх мэйл хүргэх, зураг дарах зэргээр ашигладаг байсан бол өнөөдөр барилгын 3D зураг боловсруулах, онцгой байдал, гал унтраах, хөрсний бүтэц тодорхойлох, кино үйлдвэрлэл, дэд бүтцийн хяналт шалгалт, ашигт малтмалын хайгуул, хилийн хяналт гэх мэтчилэн маш олон салбарт төрөл бүрээр ашиглах боломжтой болжээ.
Э.ЭНХБАЯР: ДРОНЫГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ОЛОН ЧИГЛЭЛЭЭР АШИГЛАЖ БАЙНА
"Hobby zone" ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Энхбаяртай товч ярилцлаа.
-Нисдэг дрон камерын Монгол дахь хэрэглэгчид болон эл технологийн давуу талын талаар бидэнтэй хуваалцаач?
-Өмнө нь дроныг зөвхөн зураг авдаг гэж ойлгож байсан бол одоо технологийн салбар тэр дундаа дроны салбар маш эрчимтэй хөгжиж байна. Маш хурдацтайгаар хөгжиж байгаа учраас үүнийг дагаад мэргэжлийн хэрэгцээний дроны эрэлт гарч эхэлсэн. "DJI" компани дэлхийд №1 дрон үйлдвэрлэгч компани учир мэргэжлийн хэрэгцээний шинэчлэгдсэн дронуудыг ар араас нь танилцуулж байна. Дрон нь цаг хугацааг хэмнэх, зардал мөнгө хэмнэх үр өгөөжтэй учраас төрийн байгууллагууд сүүлийн үед өргөнөөр хэрэглэж эхэлж байна. Хүний хүрэх боломжгүй газар дрон нисгээд харах боломжтой учир ажил, цаг хугацаа, хүний оролцоог хэмнэх олон давуу тал гарч байна.
-Тухайлбал, төрийн ямар байгууллагууд дрон түлхүү ашиглаж, үр дүнг нь гаргаж байгаа вэ?
-Миний мэдэхээр Онцгой байдал, Цагдаагийн ерөнхий газар гэх мэт төрийн байгууллагууд хэрэглэж байна. Дроныг төрийн байгууллагад маш олон чиглэлээр ашиглаж болно. Жишээ нь, Цагдаагийн ерөнхий газар, Сонгино хайрхан дүүрэгт эргүүл хийх дрон авч, гэр хорооллын дээгүүр хяналт хийхдээ ашигладаг болсон. Харин өнөөдрийн танилцуулсан дулаан мэдрэгчтэй дрон нь эрэл хайгуулд үр өгөөжтэй. Жишээ нь, ой модонд төөрсөн хүн бол ой дээгүүр нисгэж, дулаан мэдрэгчийг асаахад бүрэн мэдээлэл авах боломжтой гэсэн үг. Онцгой байдлын ерөнхий газарт ашиглахад боломжтой. Дроны хөгжил үүгээр ингээд зогсохгүй нь мэдээж. Тэгэхээр монголчууд бид цаг хугацаатайгаа хөл нийлүүлэн алхаж байгаадаа тун баяртай байна. Хэрэглэж эхлэх нь маш чухал, хэрэглэж эхлээд дараа дараагийн шинэчлэгдсэн загварыг оруулж ирэх нь бас чухал.
Сэтгэгдэл ( 0 )