Нийгэм даяараа тогтолцооны шилжилт хийж асан үед төсвийн орлогын тэн хагасыг дангаараа бүрдүүлж “аврах хантааз”-ны үүрэг гүйцэтгэж байсан “Эрдэнэт Үйлдвэр” өнөөдөр ч тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан хэвээрээ байна. Борлуулалтын орлого, татвар төлөлт, хөрөнгө, ашиг, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо гэсэн үндсэн таван шалгуураар тодруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтын нэгдүгээрт “Эрдэнэт Үйлдвэр” 2018 онд бичигдсэн. 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон тус үйлдвэрийн цэвэр ашиг 2.2 их наядаар хэмжигддэг. Тэр чинээгээр мөнгөний орж, гарах суваг олонтой бөгөөд ерээд оноос хойш улс төрчдийн “саалийн үнээ” гэх тодотголыг дагуулах болсон билээ.
Сүүлийн 28 жилийн хугацаанд “Эрдэнэт Үйлдвэр” ГУРВАН ХЯМРАЛТАЙ нүүр тулсан гэж мэргэжилтнүүд нь хэлдэг.
Нэгдэх хямрал нь тонн зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 1572 ам.доллар болж, 30 хувиар унасантай холбоотой 1998-1999 оны хямрал байжээ. Уг хямрал нэг жил үргэлжилсэн байдаг.
Хоёр дахь хямрал нь 2008 оны сүүлээр АНУ-аас эхэлсэн санхүүгийн хямрал дэлхийн улс орнуудыг хамарсантай холбоотойгоор металлын зах зээлд ханшийн уналт нүүрлэж, зэсийн үнэ 6955 ам.доллараас 5149 ам.доллар болж 26 хувиар буурсантай холбоотой.
Гурав дахь хямрал нь 2011 оноос 6 жил дараалан дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уналттай байсантай холбон тайлбарлагдаж байгаа юм.
Тэгэхээр энд бид дэлхийн зах зээлээс хамаарсан хямралуудын тухай ярьж байна.
Тэгвэл “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 51:49 хувиудтай холбогдох асуудлууд хууль шүүхийн байгууллагуудаар олон жил дамнаж буй нь эцэстээ улс төрийн угшилтай хямралыг дагуулах вий гэж харахад хүргэж байгаа юм.
49 ба ШИНЭ ӨРНӨЛ
2016 оны сонгуулийн санал хураалт явагдахаас хоёр хоногийн өмнө зургадугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийхдээ “Монгол Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж байгааг зарлах гэсэн юм” хэмээн мэдэгдсэн юм. Тэр ийн өгүүлснээс хойш 49 хувийн эзэн “Монголиан коппер корпорейшн” байх ёстой, ёсгүй тухай сэдэв гурван он дамнан халуун сэдэв байсаар байна.
УИХ-аас 23 дугаар тогтоолыг гаргахдаа өдгөө 49 хувийг эзэмшиж буй “Монголиан коппер корпорейшн” нь төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан байна гэж үзсэн байдаг. 23 дугаар тогтоолоос эшлэхэд,
-Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж эдгээр аж ахуйн нэгжийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан байх тул Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ““Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
-Оросын Холбооны Улсын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан коппер корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай гэсэн байдаг.
“Монголиан коппер корпорейшн” энэ тогтоолыг эрс эсэргүүцдэг. Харин Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг хэлэлцээд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төр өөртөө авах тухай УИХ-ын 23-р тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн юм.
49 хувь манайх гэж зүтгэсэн “Монголиан коппер корпорейшн” УИХ-ын тогтоолтой холбоотойгоор гаргасан Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэрийн эсрэг шат шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүүлд 2018 оны есдүгээр сарын 20-нд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг нь хэлэлцэж Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль, тогтоол зөрчсөн байна гэж шийдвэрлэсэн юм.
Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр бол Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн УИХ-ын 23 дугаар тогтоол нь ХЭРЭГЖИХ явцдаа хууль, тогтоол зөрчсөн гэсэн ойлголт энд яригдах ёстой болж байна. Хууль зөрчөөгүй ТОГТООЛ хэрэгжихдээ ХУУЛЬ ЗӨРЧСӨН гэх энэ асуудал цаашдаа хэрхэхээс “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой сэдэв хамаарна.
49 хувийн асуудал хууль зүйн үүднээс бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа энэ үед 49 хувийг Монголоос гаргаж, дамлах нь гэх асуудлыг Л.Оюун-Эрдэнэ нарын нөхдүүд хэлж ярьсан. ЗГХЭГ-ын дарга болохоосоо хэдхэн өдрийн өмнө тэр ингэж ярьсан. Одоо тэрбээр ЗГХЭГ-ын даргын хувиар “Эрдэнэт Үйлдвэр”-ийн удирдлагуудыг өрөөндөө дуудах гэж байгаа юм билээ. 49 хувийн эзэн төр үү, тэд үү гэдэг асуудал шинээр дахин хөврөх янзтай байна.
51 хувь ба ТЭДНИЙ ӨР
51 хувь бол гарцаагүй ТӨРИЙН МЭДЛИЙНХ. Ямар нэг эргэлзээ энд байхгүй. Гэхдээ төрийн 51 хувийг хэсэг бүлэг этгээдүүд хувьдаа ашиглаж, өр төлбөр тавьсан асуудал он он дамнан яригдаж өнөөдрийг хүрлээ. Ш.Батхүү, Д.Сугар, Ч.Ганзориг нарын нэр холбогддог уг асуудлын цаана С.Баяр бий ч гэж яригддаг. Өдгөө бизнесийн талбараас арчигдсан “Жаст”-ын зээлэнд “Эрдэнэт Үйлдвэр” баталгаа гаргаж гарын үсэг зурсныг хуурамч гэж манай монгол шинжээч тогтоосон байдаг. Харин олон улсын шинжээчид Д.Сугар нарын гарын үсгийн МӨН гэж тогтоосон талаар хуульч Т.Алтангэрэл өгүүлж байсан юм. Хоригдоод л, суллагдаад л байдаг Ш.Батхүү галыг өөр дээрээ дуудаж, БИ БУРУУТАЙ гэж хэлж байсан ч, тэр 100 гаруй сая ам.долларын ИХ ӨР-ийг төр төлөх үү, хэн төлөх вэ гэдэг асуудал дээр шийдэл алга. Сая саяар хэмжигдэх ам.долларын төлбөрийг хариуцагч нь Ш.Батхүү биш. Арбитрын маргаан дээр нэхэмжлэгч тал Монголын Засгийн газраас мөнгө нэхэмжилсэн байгаа. Манай талаас хүлээн зөвшөөрөхгүй гэж хэчнээн яриад, нэмэргүй.
Г.Баясгалан Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хувиар энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Энэ хэрэг нь Ш.Батхүүд холбогдох хэрэг гээд АТГ-т шалгагдаж байгаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг шүүхээс эцэслэгдэж байж гарын үсэг хуурамч эсэхийг тогтооно. Харамсалтай нь, энэ хэрэг АТГ-т шалгагдаад, шүүхэд шийдэгдэхгүй маш их удлаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг шийдэгдэхгүй байсан нь тодорхой хэмжээгээр Арбитрын шийдвэр Монголд ашиггүй гарахад нөлөөлсөн гэж бодож байна.. Хэрэв шүүхэд шилжвэл, шүүхийн тогтоол гаргах юм бол шийтгэлийн хариуцлага, хэргийн улмаас хохирсон хохирлыг төлүүлэх асуудал шүүхийн шийдвэрээр баталгаажина. Одоо бол хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа учраас эцсийн шийдвэр гараагүй байна. Бидний мэдэж байгаагаар маш удаан шалгагдаж байгаа. Ш.Батхүүд холбогдох хэрэг эцэслэгдвэл маш олон зүйл тодорхой болно" гэж байв.
ЖДҮ-ийн зээл авсан нь ил болоод ажлаа өгсөн Ц.Ням-Осор Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын даргын хувьд хэлэхдээ “Энэ яригдаад байгаа өрийг Ш.Батхүү төлөх ёстой” гэж байсан удаатай. Гэвч нөгөө Ш.Батхүү нь өөрийгөө дампуурсан гэж мэдэгдсэн. Төлбөрийн чадваргүй гэдгээ тэр мэдэгдэж буй тул өдөр өдрөөр хүү яригдах өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх үүрэг “Эрдэнэт Үйлдвэр” дээр буухаас өөр хувилбар олж харахад хэцүү байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
энэд яригдаад байгаа батхүүгийн зээлийн баталгааг 51 хувийг барьцаалсан гээд байх юм тэр өрийг төлөх бол эрдэнэт үйлдвэр төлөх юм бишүү. 49 хувийнхан гэж тусдана ярьж ард түмний толгой эргүүлэх хэрэггүй.