Эрдэмтэд "Ахисан түвшний хими" номыг орчуулна

2019 оны 03 сарын 01

Шинжлэх ухааны академийн Хими химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг  “Олонлог” академи сургуулийн захиалгаар “Pearson Education” хэвлэлийн компаниас гаргасан Катрин Браун ба Майк Форд нарын зохиогчтой, 940 хуудас бүхий “Chemistry, advanced level” ахисан түвшний Хими номыг орчуулаад байна.

Тус орчуулгыг “Олонлог” академи сургууль Хими-1, Хими-2, Хими-3 гэсэн 3 боть ном болгон хэвлүүлсэн бөгөөд өнөөдөр шинэ номны нээлтээ хийж ШУА болон химийн гүнгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудад номынхоо дээжээс бэлэг барилаа.

Энэхүү ном нь 10 жилийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнууд болон сонирхогчдод зориулсан, Олон улсын бакалаврын түвшинд бичигдсэн бөгөөд номыг зохиогчдын албан ёсны зөвшөөрөлтэйгээр ашгийн бус, сургалтанд хэрэглэх зорилгоор орчуулсан гэдгийг нээлтийн үеэр “Олонлог” академи  сургуулийн захирал Б.Баясгалан онцлов.   

Тус номыг орчуулах эрдэмтдийн багийг академич Х.Тэмүүжин ахалж ажилласан бөгөөд тэрбээр “Ном орчуулах санал хүлээж аваад  бид эхэндээ амаргүй ажил заасан хугацаанд гүйцэтгэж дийлэх болов уу гэж эргэлзэж байсан. Гэвч монголын хүүхдүүдийн төлөө, шинжлэх ухааныг танин мэдүүлэхийн төлөө ШУА-ийн судлаач бидний хийх ёстой ажил гэж бодоод зориглоод орсон. Олон эрдэмтэн, судлаач баг болж оролцсон ч амаргүй байсан. Жишээ нь,  химийн нэр томъёог монгол хэл дээр хүн бүр өөр өөрөөр бичдэг. Энэ байдлыг цэгцэлж  жигд  нэг нэр томъёогоор, ингэж орчуулъя гэж тохироод үгэн дээрээ эхэлж ажилласан. Амжилттай энэ ажлын ард гарсан баг болж ажилласан судлаач нартаа баярлалаа. Энэхүү ажлын санаачилж, хэвлүүлж олон нийтэд хүргэж буй “Олонлог” академийнхандаа талархаж байна.  Энэ бол монголын хүүхдүүдийн ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулалт гэж бодож байна” хэмээн номны нээлтийн үеэр ярьж байлаа.    

Олон улсын бакалаврын (ОУБ) өндөр түвшний химийн сурах бичиг нь суралцагсдын судлах гэж буй хичээлийн курст тусгайлан зориулсан бөгөөд гол хэсэг, нэмэлт өндөр түвшний (НӨТ) материал болон сонгон суралцах гэсэн 3 хэсэг хөтөлбөрийг агуулсан.

Ном нь хичээлийн чиглэлийн дагуу сэдэв болон сонголтод тулгуурласан үндсэн 18 бүлгээс бүрдэнэ. Үндсэн бүлгүүдийн агуулгын хувьд Химийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг тоон утга ба хэмжигдэхүүнүүд, Атомын бүтэц, Үелэх систем, Химийн холбоо, Энерги, Кинетик, Тэнцвэр, Хүчил ба шүлт, Исэлдэлт ба ангижралт, Органик хими, Хэмжилт ба үр дүн боловсруулалт, Орчин үеийн аналитик хими, Хүний биеийн биохими, Аж үйлдвэр болон технологи дахь хими, Эмт бодис ба эмийн бэлдмэл, Хүрээлэн буй орчны хими, Хүнсний хими, Органик химийн хөгжил зэрэг бүлгүүдээс тогтсон болно.

Бүлэг бүр тухайн сэдэв эсвэл сонгон суралцах чиглэлд нийцүүлсэн гол хэсэг болон нэмэлт ахисан түвшний материалыг агуулж байгаагаараа онцлогтой. Номын төгсгөл хэсэгт байгаа ‘Мэдлэгийн онол’ гэсэн бүлэг нь химийн шинжлэх ухааныг судлахад анхаарах чухал асуудлуудыг ойлгоход тусална. Түүнчлэн энэхүү номонд ашиглагдсан үгийн тайлбар хэсэг, дотоод үнэлгээ, өргөтгөсөн тайлбарын зөвлөгөө болон олон улсын бакалаврын химийн судалгааг амжилттай гүйцэтгэх стратегийн талаар зарим богино хэсгүүдийг оруулсан байна. Эцэст нь хариулт хэсэг байх ба үүнд дасгал ажлын, өөрийгөө сорих мөн бататгах дасгалын хариултууд бүгд багтсан нь суралцагсдын өөрийн сурснаа бататгахад ихээхэн ач холбогдолтой юм.

Энэхүү номыг химийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 жилийн сургуулийн сурагчид, анагаах ухаан, эм зүй, биологи, хөдөө аж ахуй, физик, газар зүй зэрэг байгалийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутан, магистр, докторант, энэ салбарт ажиллаж буй багш, эрдэм шинжилгээний ажилтнууд ашиглахад бүрэн тохиромжтой юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ханд(202.21.106.102) 2019 оны 03 сарын 01

Чадвал хуучин Монгол бичгээр хими-томёо гоо бичээрэй.

0  |  0
Top