Вьетнам улс Малайз улсад хандан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намыг хөнөөсөн хэргийн сэжигтэн эмэгтэйг суллахыг уриалжээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Фам Бин Мин Малайзын Гадаад харилцааны яамны сайд Сайфуддин Абдуллад хандан Вьетнымын иргэн Доан Тхи Хыонгийг суллахыг уриалсан талаарх мэдээ Гадаад харилцааны яамных нь “Тwitter”-т нийтлэгджээ.
Гадаад харилцааны сайд нар утсаар хоёр талын харилцааны асуудлаар ярилцахдаа дээрх асуудлыг хөндсөн байна. Вьетнамын тал Малайзтай тохиролцохыг хүсч, Доан Тхи Хыонгийг шударга шүүж, суллахыг уриалжээ.
Малайзын шүүх өмнө нь Ким Жон Намыг хөнөөсөн хэргийн бас нэг сэжигтэн, Индонезийн иргэн Сити Аисьяг буруугүй гэж үзсэн юм. Шүүх Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ахыг Малайзад хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдсан Сити Аисьяг шүүхийн танхимаас суллажээ.
Вьетнам болон Индонезийн иргэн эмэгтэйчүүд 2017 оны хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпурын нисэх буудалд ази төрхтэй эрэгтэй рүү халдаж, нүүр рүү нь шингэн зүйл цацжээ. Мөрдөн байцаалтаар тэдний цацсан шингэнд “VX” гэх мэдрэл саажуулдаг бодис агуулагдаж байсныг тогтоосон байна. Бодис цацуулсан эрэгтэй нас барсан юм. Түүний паспорт дээр өөр овог бичээстэй байсан ч Ким Жон Уны ах Ким Жон Нам болохыг нь тогтоосон байдаг.
Сэжигтэн эмэгтэйчүүд мэдүүлэг өгөхдөө Хойд Солонгосын тагнуулчдын заль мэхэнд орсон гэжээ. “Бид хүмүүсийг шоглодог телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож байна гэж бодож байсан” гэж Сити Аисья, Доан Тхи Хыонг нар мэдүүлсэн байна.
Ким Жон Намыг хөнөөсөн асуудал нь Хойд Солонгос, Малайз хоёрын дунд том хагарал үүсгэж, Элчин сайд нараа харилцан хөөсөн билээ. Хойд Солонгосын зүгээс энэ хэрэгт холбоогүй гэж мэдэгддэг ч Малайз, Өмнөд Солонгос тэргүүтэй орнууд Ким Жон Уныг эцэг нэгтэй ахыгаа хөнөөсөн гэж буруутгадаг.
Сэтгэгдэл ( 2 )
zoosnii tuluu hvn alsan yanhnuudiig ustga
Сэжигтэй