П.Алтангэрэл: Үргүйдлийн хамгийн том шалтгаан нь үрэвсэлт өвчин

2019 оны 04 сарын 15

Клиникийн Профессор П.Алтан­гэрэлтэй охид, эмэгтэй­чүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар ярилцлаа.


-Өсвөр насны болон залуу эмэгтэй­чүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар яриагаа эхлүүлье?

-Эмэгтэйчүүдийн бие махбодийн онцлог бол эрэгтэй хүнийхээс илүү нарийн дааврын зохион байгуулалттай байдаг. Охидын хувьд ойролцоогоор 10 наснаас хойш сарын тэмдэг ирэх, нөхөн үржихүйн эрхтний хоёрдогч шинж тэмдэг илрэх гэх мэтээр биед нь өөрчлөлт ордог.

Өмнө нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаас нь охидын үзлэг гэж хийдэг байлаа. Одоо больсон. Одоо бодоход  дунд сургуульд шилжилтийн насанд байгаа охидод үзлэг явуулж байх нь зөв байж гэж харагддаг.

Охидын бэлгийн эрүүл мэндийн талаар дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулж өгөх нь зөв байгаа юм. Эрүүл мэндийн боловсрол муу байгаа учраас охид эрүүл мэнд талаасаа алдаа гаргах зүйлүүд их байна. Жишээ нь охид жирэмслэх, хүсээгүй жирэмслэлт, нөхөн үржихүй, эрт насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөх гэх мэт олон эмзэг асуудал сүүлийн үед ихсэх боллоо. Энэ талаар төр засгаас анхаарч, өөрчлөлт хийх байх гэж найдаж байна.

-Эрүүл мэндийн боловсролыг сургалтаар олгох шаардлага байна. Үүнээс гадна эцэг, эхчүүдийн охиддоо тавих анхаарал чухал санагддаг?

-Ер нь бол гэр бүлийн талаас, ялангуяа охидуудад хандах хандлага болон нөхөн үржихүйн талын мэдлэг олгох тал дээр гэр бүл чухал үүрэгтэй байх ёстой. Өрнөдийн орнуудад энэ тал дээр илүү нээлттэй байдаг учраас нөхөн үржихүй боловсрол сайн байдаг. Манайд бол өөрийнх нь соёл уламжлалтай холбоотойгоор энэ тал дээр ерөнхийдөө хаалттай, эцэг, эхчүүд нь ичиж, зовоод хүүхдүүдтэйгээ олигтой ярьдаггүй, хүүхдүүд нь ч ярихаасаа ичдэг. Энэ байдлаас болоод алдах асуудал байна. Нэгэнт л одоо цаг үе өөрчлөгдөж, охидын бэлгийн амьдрал нь арай эрт эхэлдэг болсон байна. Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж байх хэрэгтэй. Өөрсдөө ярилцаж, зөвлөж мэдэхгүй юм аа гэхэд болж өгвөл мэргэжлийн эмч дээр хамтдаа очоод зөвлөгөө авчихдаг байх хэрэгтэй. Энэ тал дээр хангалтгүй л байгаа.

Үр хөндөлтийг жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл шиг ойлгож болохгүй

-Охидын нөхөн үржихүйн асуудлыг сөхөхөд зэрэгцээд хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт зэрэг асуудал яригддаг.

-Үр хөндөлтийн тал дээр залуу гэр бүл, бүсгүйчүүд буруу ойлголттой явдагт миний сэтгэл их эмзэглэдэг. Үр хөндөлтийг жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл шиг ойлгодог. Эмэгтэй хүний бие бол жирэмсэлсэн л бол төрөх зохицолдлоготой. Түүнээс биш жирэмсэлсэн үед нь авч хаях ямар ч зохилдлого, зохион байгуулалт байхгүй. Үр хөндөлтийн сайн тал гэж хэлэх нэг ч зүйл байхгүй, дандаа муу, сөрөг үр дагавартай. Үүнд холын болон ойрын маш олон асуудлыг дурдаж болно л доо. Бүр холын үр дагавар гэвэл үргүйдэлтэй болох, саваа авахуулах байдалд хүрэх, амь насаа ч алдах магадлалтай.

 

Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн нас буюу төрөх хамгийн тохиромжтой үе нь 18-35 гэж анагаах ухаанд үздэг. Үүнээс эрт, эсвэл орой байвал ямар нэг эрсдэл бий болно. Тэгэхээр нөхөн үржихүйн насандаа л хүүхэд төрүүлэх нь илүү зохимжтой байгаа юм л даа. Энэ үед бие организм нь үүндээ төгс зохицсон, эрүүл үр удам үлдээх илүү чадвартай байна гэсэн үг.

 

Над дээр мэр сэр 18-аас доош насны жирэмсэлсэн хүүхэд ирдэг л юм. Энэ тал дээр би нэлээн эмзэг ханддаг. Ийм хүмүүс ирвэл ном журмынх нь дагуу зөвлөгөө өгдөг, хэрвээ хуулийн байгууллагад мэдэгдэх шаардлага гарах юм бол мэдэгддэг. Яагаад гэхээр 16-аас доош насны хүүхдийг бэлгийн харьцаанд оруулсан байвал гэмт хэрэгт тооцогддог. Тэгээд ч бие организм нь гүйцэд хөгжөөгүй байгаа шүү дээ. Нас биед хүрээгүй учраас эрүүл үр удам үлдээхгүй байх ч магадлалтай.

-Гэр бүл төлөвлөлт гэдгийг юу гэж ойлгож, хэрхэн төлөвлөх вэ?

-Гэр бүл төлөвлөлт гэдэг нь хамгийн түрүүнд юу ойлгох вэ гэхээр хэзээ жирэмслэх, жирэмслэхээс яаж хамгаалах вэ гэдэг асуудал. Цаашлаад сургуулиа хэзээ төгсөх вэ, санхүүгийн боломжтой хэзээ болох, гэр бүл хэзээ зохиох , хэдэн хүүхэдтэй болох, хүүхдүүдийн маань хоорондын зай хэдэн насны зөрүүтэй байх, үр хүүхдээ яаж өсгөх вэ гэж төлөвлөж явахыг хэлж байгаа юм. Энэ бол ганц эмэгтэй хүний асуудал биш л дээ. Найз залуу, нөхөр, ойр дотны хүмүүстэй холбоотой, хамтын шийдвэр гаргах асуудал.

Энэ тал дээр алдсанаас болоод нөгөө л хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, үрэвсэлт өвчин, цаашилбал үргүйдэл үүснэ. Тэгэхээр гэр бүл төлөвлөлт гэдгийг зөв ойлгож, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, яаж хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах вэ, ямар аргууд байдаг талаар мэдэх хэрэгтэй.

-Тэгэхээр хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах нь олон сөрөг үр дагавраас сэргийлэх нь. Жирэмслэлтээс сэргийлэх арга гэхээр бэлгэвч, эм, тариа л гэж мэдэхээс үйлчилгээ, давуу талынх нь ялгааг төдийлөн мэддэггүй байх?

-Жирэмслэлтээс хамгаалах маш олон арга, хэрэгсэл байдаг. Эм гэхэд л маш олон сонголттой. Төрж байгаагүй эмэгтэйд зориулсан, төрсөн болон хөхүүл эмэгтэйчүүдэд тохиромжтой гэх мэт байдаг.

Манайханд нэг дутагдал байдаг нь аптек руу ороод асуудаг. Аптект мэргэжлийн эмч суухгүй шүү дээ. Эм баригч бол эмийн жороор олгоно. Эхлээд мэргэжлийн эмчид үзүүлэх ёстой, ямар эм хэрэглэх, ямар ерөндөг тавиулахаа асуусны үндсэн дээр сонголт хийх хэрэгтэй. Нөгөө нэг хэнэггүй зан нь ам дамжсан яриагаар эмчилгээ, эм дом хэрэглэж, сайн гэсэн бүгдийг нь хэрэглэж үзэх гээд байдаг. Биед нь тохирох эсэхийг мэргэжлийн эмчээс өөр хүн мэдэхгүй. Эмээ ууж байгаад дундаас нь хаях, буруу ууснаас болоод бие хямрах зэрэг асуудаг үүсдэг.

 

Жирэмслэлтээс хамгаалах аргуудын дотроос спиралийг түгээмэл хэрэглэдэг. Спиралийг даавар агуулаагүй, даавар агуулсан гэж хоёр том бүлэгт хувааж үзэж болно. Даавар агуулсан спирал нь умайд болон гарны бугалганы арьсан доор хийдэг суулгац гэсэн хоёр янз байгаа. Энэ хоёрын ерөнхий үйлчилгээ төстэй. Гэхдээ цусанд шимэгдэж байгаагаараа саванд тавьсан нь умайн салстын зузаарлыг нь багасгаж байгаа.

Хоёр дахь бүлэг нь болох даавар агуулаагүй спираль нь дугираг, мушгиа, төмөр, пластмас, шулуун гэх мэт хийцийн хувьд маш олон янз. Хамгийн түгээмэл нь “Т” хэлбэрийн зэстэй спираль. Энэ нь эмэгтэйн биед ч их тохиромжтой. Сүүлийн үед бизнэс тал руу гаа, мөнгөжүүлсэн, алтжуулсан гэж гарч байна. Гэхдээ үйлчилгээний хувьд нээх ялгаагүй боловч үнийг хувьд зөрүүтэй.

 

Мөн гурван сарын хугацаатай тарьдаг тариа, сард нэг удаа уудаг эм байна. Эмийг зөв ойлгох ёсой. Өдөр бүр уудаг эм нь өндгөн эсийн боловролтыг саатуулах гол нөлөөнөөс гадна эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөгт тохирсон тун дозийг тохируулж, нарийвчилсан схемээр хийсэн байдаг. Тэр бол хүний биед тохиромж сайтай, гаж нөлөө багатай. Жишээ нь өндгөн эс боловсрох шатны өмнөх даавар арай өөр, дараах шатны даавар арай нэг өөр гэж тун дозийг нь тааруулж өгсөн байдаг. Гэтэл сард нэг удаа уудаг эм байна. Энэ нь өдөр бүр уудаг эмнүүдийг нэг дор хийчихсэн, буюу өндөр дозатай гэсэн үг. Түүнийг нэг уучихаад сар болоход хүний биед нэг л янзаар. Үүн дээр гаж нөлөө гарах магадлал их байна. Ер нь бол хуримтлуулсан хэлбэрээр хэрэглэж байгаа эм тийм сайн биш гэсэн үг. Гурван сарын хугацаатай хийдэг тариа ч мөн ялгаагүй. Би үүнийг хүмүүст тэр бүр зөвлөдөггүй. Аль болох хор нөлөө багатай, цаашдаа сөрөг үр дагавар гарахгүй зөөлөн зүйлийг зөвлөдөг.

Эм уухад хэцүү тал нь хүмүүс ууж байгаад мартчихдаг. Зарим нь эмчээс зөвлөгөө авалгүй дурын өдрөөсөө эхлээд уучихна. Тэгж бол болохгүй. Сарын тэмдгийн эхэн үеээс буюу тав хоног дотроо ууж эхлэх ёстой. Тэгэхгүйгээр дур мэдээд сарын тэмдгийн мөчлөгийн дундаас нь ч юм уу уучихна. Ингэхээр дааврын зохицуулалт алдагдчихдаг. Үүнээс болоод биений юм хямрах, доошоо цус алдах зэрэг өөрчлөлтүүд гардаг. Эмчийн заавраар яваагүйгээс болоод биений юм хямарчихдаг. Үүнийг зохицуулах бас төвөгтэй.

-Төрөөгүй эмэгтэйд аль спираль нь илүү тохиромжтой вэ?

-Үүнд бас нэг онцлог байдаг. Төрсөн эмэгтэйн сав ерөнхийдөө томорсон байна. Хүүхэд тээж томорсон учраас эргээд агшихдаа яг төрөөгүй хүнийх шиг болдоггүй. Тэр онцлогоос болоод төрсөн эмэгтэйчүүдэд арай том, төрөөгүйд арай жижиг. Манайхны нэг буруу ярьдаг зүйл байдаг. Охидын спириаль гэж. Охидын спириаль гэж угаасаа байхгүй шүү дээ. Арай том, жижиг гэсэн стандарт хэмжээтэй байдаг. Төрөөгүй эмэгтэйчүүдийн хувьд спираль тавихад умайн хүзүүнд гадны биет орж байгаа учраас цочрол өгөх, өвдөлт үүсэх, цусархаг зүйл гарах гэх мэт асуудлууд байдаг учраас анхааралтай хандах ёстой.

-Бугалганы арьсан доор тавьдаг суулгацын тухайд?

-Арьсан доорх өөхөн эдэд мэс ажилбараар тавьдаг. Энэ бол дотроо даавар агуулдаг. Тэгэхээр доторх даавар нь хүний биед бага багаар шимэгдэж байна гэсэн үг. Тэгснээр цусанд эргэлдэн, өндгөвчинд нөлөөлж, өндгөн эс боловсрох үйл явцыг дарангуйлдаг гэсэн үг. Мөн гадна өндгөн эс үүсэж байж эргэх холбоогоор умайн салстын зузааралтад нөлөөлж байдаг. Тэр нөлөө бас алдагддаг. Үүнээс болоод сарын тэмдэгт бага зэрэг асуудал үүсдэг.

Би бол бугалганы спириалийг таашаадаггүй. Яагаад гэхээр цусанд эргэлдэж, системийн нөлөө үзүүлдэг. Системийн гэдэг нь тухайн даавар хүний бүх биеэр цусаар дамжиж эргэлдэнэ гэсэн үг. Харин саванд тавьдаг даавартай спириалыг хэсгийн нөлөө үзүүлдэг гэж үздэг. Сав, өндгөвч хавиар л нөлөө үзүүлнэ гэсэн үг.

Үргүйдлийн хамгийн том шалтгаан нь үрэвсэлт өвчин

-Сүүлийн үед үргүйдлийн асуудал багагүй гарах болсон байна. Мэдээж олон шалтгаан байгаа байх. Голчлох шалтгаан нь юу байна вэ?

-Гэр бүлийн үргүйдлийн талаар би 17 дахь жилдээ ажиллаж байна. Үүнээс хараад байхад үргүйдлийн хамгийн том шалтгаан нь үрэвсэлт өвчин байгаа юм. Үрэвсэлт өвчин нь хүндээ зовиур илрэхгүй байж болно, түүнээс гадна оношлоход төвөгтэй байдаг. Эмчийн туршлага, ур чадвараас хамаардаг. Эмчилгээгээ дутуу, буруу хийснээс болоод үрэвсэл нь хүндэрч, үрийн хоолой битүүрэх, салстын сорвижилт үүсэх зэрэг олон шалтгаан үргүйдэлд хүргэж байна.

Хоёрдугаарт дааврын шалтгаан байгаа. Өндгөвчинд өндгөн эс боловсрохгүй байх зэрэг дагалдах шалтгаанууд байдаг. Хамгийн том хоёр шалтгаан энэ байгаа юм л даа.

-Үргүйдэлтэй гэр бүл гэж хэдий  хугацаанд хүүхэд олохгүй байхыг хэлдэг вэ?

-Бүх л өвчин эмгэгүүдийн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлолт гаргасан байдаг. Үргүйдэл гэдгийг нэг жилийн хугацаанд гэр бүл болон хосууд жирэмслэх гэж оролдоод байхад жирэмслэхгүй байвал үргүйдэл гэж үздэг. Жил арай хүрээгүй бол үргүйдэл гэж үздэггүй. Эрүүл гэр бүл буюу эр бэлгийн эс нь хэвийн байдаг, өндгөн эс хэвийн боловсордог, нөхөн үржихүйн үйл ажиллагааг нь үзэхээр эрүүл тийм хосуудын жирэмслэх магадлал 50 хувь гэж үздэг.

Тэгэхээр өндгөн эс яг боловсорч байхад харьцаанд орохоор 100 хувь жирэмсэлдэг гэж ойлгож болохгүй. Яагаад гэдгийг шинжлэх ухаан өнөөг хүртэл тайлбарлаагүй байна. Үүнийг бас бодох хэрэгтэй. Тийм учраас жил гээд байгаа юм. Түүнээс би хоёр сар жирэмслэх гэж үзээд болсонгүй гээд үргүйдлийн шинжилгээ өгөөд явах учир дутагдалтай. Жил ямар нэг хамгаалалтгүйгээр харьцаанд ороод, жирэмслэх гэж хүсээд болохгүй бол үргүйдэлтэй байж магадгүй юм байна гэж шалтгаан тодорхойлуулах шинжилгээнүүдийг хийлгэдэг.

Үргүйдлийг анхдагч, хоёрдогч гэж хуваадаг. Андагч гэхээрээ анхаасаа жирэмслээгүй байхыг хэлдэг. Хоёрдогч гэдэг нь өмнө нь жирэмсэлсэн хэрнээ дараа нь жирэмслэхгүй байхыг хэлж байгаа юм.

-Үр шилжүүлэн суулгах аргыг ямар тохиолдолд хэрэглэдэг вэ?

-Би үр шилжүүлэн суулгах технологийг 2002 онд Монголд анх оруулж ирсэн. Үүнээс хойш олон эмнэлэг энэ талаар ажиллаж байгаа. Монголд улам олширч байгаа, өрсөлдөөнтэй салбар болсон байна лээ. Энэ бол сайшаалтай хэрэг л дээ. Эндээс харж байхад үр шилжүүлэн суулгалтаар клиникүүдийн гол зарчим нь “за чи үргүйдэлтэй болсон уу? тэгвэл үр шилжүүлэн суулгана” гэсэн зарчимтай байгаа нь хангалтгүй санагддаг. Үргүйдлийн маш олон шалтгаан байгаа. Үнэхээр үр шилжүүлэн суулгахаас аргагүй болсон шалтгаан байна л даа. Жишээ нь үрийн суваг нь битүүрчихсэн байвал яалт ч үгүй үр шилжүүлэн суулгах заалттай. Наана байдаг боломжит шалтгаанууд дээр заавал үр шилжүүлэн суулгах шаардлагагүй. Маш үнэтэй технологи, маш их өртөгтэй бөгөөд үр дүн багатай ийм л хэлбэр шүү дээ.

Миний хувьд хүн үр шилжүүлэн суулга гэдэг биш наад талынх нь шалтгаануудыг тооцож, аль болохоор хялбар бөгөөд тэр хүндээ сэтгэл санааны болоод эдийн засгийн хувьд дарамтгүй, үр дүнтэй аргуудыг нь хэрэглэхийг зорьдог. Бүр болохгүй бол үр шилжүүлэн суулгана.

-Хамгийн эцсийн арга үр шилжүүлэн суулгалт гэж ойлгож болох нь ээ?

-Тэгэлгүй яахав.

-Өөр нэг санаа зовоосон суудал нь өсөлтгүй жирэмслэлт тохиолдох болжээ. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ. Шалтгаан нь юу байна?

-Би мэргэжлээрээ 22 жил ажиллаж байна л даа. Өмнөхөн бол гайгүй байсан шиг санагдаад байгаа юм. Сүүлийн үед өсөлтгүй жирэмслэлт улам ихсээд байх шиг анзаарагдаж байна.

Би бодохдоо манай нийгмийн хөгжлийг дагаад агаар, хөрсний бохирдол, хоол, ундны аюулгүй байдал, амьдралын зөв хэвшил алдагдсан гэх мэт олон шалтгаан нөлөөлж байна гэж хардаг. Үүнээс гадна хуулиараа үр хөндөлтийг чөлөөтэй болгосон нь шууд нөлөөлөх том хүчин зүйл гэж хардаг. Ямар ч хяналтгүй, үр хөндөлтийн талаар статистик тоо гаргах ч боломжгүй болсон. Өсөлтгүй жирэмсэн болсон эхийн ихэнх нь л өмнө нь үр хөндүүлсэн байдаг. Шалтгаан нь нэг номерт халдвар, үрэвсэл. Ямар нэг мэс ажилбар хийлгэсэн, бэлгийн ариун цэвэр болоод халдвартай холбоотой. Ялангуяа өсөлтгүй болж байгаа хугацааг харахаар 90 гаруй хувь нь 7-8 долоо хоногтой байна. Тэр нь умайн дотор талын салстанд бэхлэгдэж, хөгжих үйл явцад муугаар нөлөөлж байгаа хүчин зүйлс байна гэж үзэж болно. Цусан хангамжтай холбоотой болон ямар нэг бактер вирустэй холбоотой ийм асуудлууд байгаа. Тэгэхээр энэ тал дээр анхаарч, жирэмсэлсэн үеэсээ хянуулах, өсөлтгүй болохоос урьдчилан сэргийлэх, жирэмслэхийн өмнө биеэ бэлдэх асуудал чухал. Сүүлийн үед торчийн /torch/ шинжилгээ хийдэг болсон.

Ямар нэг халдвар байх юм бол тэрэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг биеэ сайн бэлдэх хэрэгтэй. Тэгвэл энэ эрсдлээс урьдчилан сэргийлж чадна.

Цэвэршилт гэдэг нь өндгөн эсийн тоо дуусах үйл явц- нөхөгдөхгүй, шинээр бий болохгүй

-Сүүлийн сэдэв эмэгтэйчүүдийн цэвэршилт. Цэвэршилт хэдээс хэдэн насанд явагддаг вэ?

-Ерөнхийдөө эмэгчтэйчүүдийн цэвэршилтийг 45-55 насанд явагддаг гэж үздэг. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс ялгаатай нэг онцлог нь өндгөн эсээ ээжээсээ авч төрдөг. Тэр нь тодорхой тоо хэмжээтэй байдаг. Өндгөн эс нь насан туршид нь боловсроод дээрх насанд дуусдаг. Дуусахаараа цэвэршилт болно гэсэн үг. Энэ нь нөхөгдөхгүй, шинээр бий болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрэгтэй хүн бол өөр шүү дээ. Өдөр бүр шинээр эр бэлгийн эс боловсорч байдаг. Гадны нөлөөтэйгөөр эр, эм бэлгийн эс нөлөөнд автах гэдэг нь эрэгтэй хүнд илүү тохиолддог. Өдөр бүр эр бэлгийн эс боловсорч байгаа болохоор архи, согтууруулах ундаа, тамхи, хорт зуршил, химийн бодис гэх зэрэг нь эрүүл эс боловсроход муугаар нөлөөлдөг. Эмэгтэй хүнд харьцангуй бага. Гэхдээ нас, амьдралын хэвшлээс хамаарах тохиолдол байна л даа. Эмэгтэй хүн эрт цэвэрших болон орой цэвэрших нь өөрөөс нь шалтгаалдаг.

-Цэвэршилтийн дараах эмгэг, хямрал гэж ярьдаг. Энэ яг юу болдог юм бэ. Үүнийгээ хэрхэн даван туулах вэ?

-Энэ үед цэвэршилтийн хам шинж гэж илэрдэг. Тэр нь нөхөн үржихүйн даавар багассантай холбоотой. Үүнтэй холбоотойгоор эмэгтэй хүний бие организмд өөрчлөлт ордог. Ялангуяа зүрх судас болон мэдрэлийн системд өөрчлөлт орн. Гэнэт бие халуун оргих, хөлрөх, сэтгэл санаа тогтворгүй болох, уур гэнэт хүрэх, артерийн даралт ихсэх, толгой өвдөх, арьс хуурайших гэх мэт хам шинжүүд илэрдэг. Зарим хүнд огт илрэхгүй байж болно. Заримд нь бүгд илэрч ч болно.

-Эдгээр шинжүүд илэрсэн ч цэвэр­шилттэй холбоотой эсэхийг эмэгтэй­чүүдийн эмчид үзүүлж байж мэдэх боломжтой юу?

-Тэгэлгүй яахав. Эмэгтэйчүүдийн нэг алддаг зүйл нь юу вэ гэхээр өө даралт ихэсчихлээ, толгой өвдөөд байна, зүрх дэлсчихлээ зүрх судасны эмчид үзүүлээд, тархины бичлэг хийлгээд яваад байдаг. Гэтэл тэнд ямар нэг өөрчлөлт байдаггүй. Нөгөөдүүл нь ч гэсэн тэр талаар холбож тайлбарлахгүй байх тал бий. Тэгэхээр зөв оношоо тогтоох ёстой.

-Цэвэршилтийн үеийг хойшлуулах механик арга байдаг уу?

-Өндгөн эс дуусахаар цэвэршдэг гэж дээр хэлсэн. Тэгэхээр өндгөн эс нөхнө гэж байхгүй. Зүгээр даавар орлуулах эмчилгээгээр сарын тэмдгийг ирүүлээд байж болдог.

-Тэр нь сөрөг нөлөөтэй юу?

-Таргалуулах зэрэг бага зэрэг сөрөг нөлөө байна.

Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.109.87) 2020 оны 06 сарын 14

хаана бдаг эмнэлэг вэ\n

0  |  0
irgen(192.82.77.254) 2019 оны 11 сарын 19

hudlaa gar shuu. hun burt adilhan emchilgee hiine

0  |  0
Мөөгий(202.9.42.200) 2019 оны 08 сарын 05

Яг хаана бдаг юи бэ??Эмнэлэг нь.Эмнэлэгийн нэр нь???

0  |  0
Сувдаа(175.204.31.254) 2019 оны 04 сарын 18

Сайн эмч шүү. Үнэхээр сайн эмч

0  |  0
chimeg(122.201.22.247) 2020 оны 06 сарын 14

myndag emch shvv

1  |  1
Top