Сурагчдад зориулсан шударга ёсны өгүүллэгтэй зурагт ном хэвлэгдлээ

2019 оны 04 сарын 22

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх”-ээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Найзын яриа” комикс номыг хэвлүүлэн гаргалаа.

“Найзын яриа” комикс номоор дамжуулан дунд сургуулийн сурагчдад шударга ёсны ойлголт, үзэл санааг төлөвшүүлэх, хүүхдүүдэд зөв шударга амьдралын зан үйл хэвшүүлэх, үлгэр дуурайл бий болгох зорилго агуулжээ.

Авлигатай тэмцэх газар жил бүр “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г хийдэг бөгөөд энэхүү судалгаагаар жил ирэх тусам монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурч байгаа юм. Хүүхдийн шударга байдлын түвшин 2018 оны судалгаагаар 3.91 гэсэн дүнтэй гарсан нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 0.06-аар буурсан байна. Уг судалгааны дүнд үндэслэн эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдүүдтэйгээ шударга байх талаар ярилцах, шударга хандсаны төлөө сайшаан урамшуулах, шударга ёсны талаар зааж сургах, хүүхэддээ анхаарал, халамжтай байх нь тэдний шударга байдалд эерэгээр нөлөөлдөг талаар социологичид дүгнэлт хийжээ.

Тиймээс Авлигатай тэмцэх газар ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийнханд зориулсан шударга ёсны өгүүллэгүүд бүхий “Найзын яриа” комикс номыг бэлтгэн хэвлүүлсэн бөгөөд уг номын агуулгыг олон улсын стандартаар хийгддэг судалгааны асуулгын дагуу зохиосон байна. “Найзын яриа” комик номын зохиогчоор Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг, зураачаар Соёлын тэргүүний ажилтан А.Бат-Эрдэнэ, дижитал зураачаар Б.Тэмүүжин нар ажиллажээ.

Шударга ёсны өгүүллэгүүд бүхий зурагт номыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад түгээж, тэдэнд авлигын эсрэг болон шударга ёсны боловсрол олгох тусгай хичээлийг Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top