Тагнуулын байгууллагаас “Терроризмтой тэмцэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна.
Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-аас гишүүн улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтайгаар үнэлж хянадаг. Энэ дагуу Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны 2 дахь удаагийн харилцан үнэлгээг 2016-2017 онд хийж гүйцэтгэсэн. Улмаар 2017 оны 7 дугаар сард Шри-Ланка Улсын Коломбо хотноо хуралдсан Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн чуулганы үеэр Монгол Улсын Харилцан үнэлгээний тайланг хэлэлцэж “эрчимтэй хяналтад” оруулах шийдвэр гаргасан.
Тодруулбал, Монгол Улс дээр дурдсан техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжөөс 5-ыг хангаагүй, 15-ыг хэсэгчлэн хангасан, 15-ыг ихэвчлэн хангасан, 5-ыг бүрэн хангасан бол үр дүнтэй байдлын 11 шалгуураас 2-ыг дунд зэрэг хангасан, 9-ийг огт хангаагүй нь ийнхүү эрчимтэй хяналтад ороход нөлөөлж байна.Түүний дотор Монгол Улс нь терроризм болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг санхүүгийн зорилтот арга хэмжээ авах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот арга хэмжээ авах тухай зөвлөмжүүдийн хэрэгжилтийг “хангаагүй” гэсэн үнэлгээ авсан.
Харилцан үнэлгээний тайлангийн үр дүн гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 327 дугаар тогтоолын хавсралтаар Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж холбогдох байгууллагууд дээрх дутагдлыг арилгах зорилгоор тодорхой ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Төлөвлөгөөнд ФАТФ-аас анхаарал хандуулж буй терроризм болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг санхүүгийн зорилтот арга хэмжээ авах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой санхүүгийн зорилтот арга хэмжээ авах тухай зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, ФАТФ-ын шаардлагад нийцүүлж одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн баримт бичгийг шинэчлэх, шинээр боловсруулах ажлууд тусгагдсан болно.
ФАТФ-аас тавьсан шаардлагын дагуу үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ авахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг “Терроризмтой тэмцэх тухай” хуулинд шинээр тусгах, үүнтэй уялдан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудад хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт бий болгох, эдгээр хууль тогтоомж нь хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх ёстой гэсэн хатуу шаардлага тавиад байна.
Энэ хүрээнд ФАТФ-ын тавьсан шаардлагын дагуу дээрх асуудлыг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг тусгах зорилгоор одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй “Терроризмтой тэмцэх тухай” хуулийг шинэчлэн найруулах Ажлын хэсгийг тагнуулын байгууллагын даргын тушаалаар байгуулж, ажлын хэсгээс “Терроризмтой тэмцэх тухай” хуулийн үзэл баримтлал, шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж ЗГХЭГ-т хүргүүлээд байгаа бөгөөд Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн барихаар ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )