Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Өмгөөллийн тухай хуулийн төсөлд санал хүргүүлэхээр /2019.04.29/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээв.
Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Өмгөөллийн тухай хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.15 дахь хэсэгт заасны дагуу санал хүргүүлж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, тус хуулиар хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагыг байгуулан, Өмгөөлөгчдийн холбооны чиг үүргийг Монголын Хуульчдын холбоонд шилжүүлсэн. Ингэснээр хуульчийн эрх авах, өмгөөллийн ажил эрхлэх болон өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа төрөөс хараат бусаар явагдах нөхцөл бүрдсэн, шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөхийн ажил эрхэлдэг төдийгүй төр, захиргааны байгууллагад ажилладаг хуульчид хүртэл мэдлэг, чадвараа дээшлүүлэх сургалтад тогтмол хамрагдаж, хөгжих бололцоо нээгдсэн, хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил, сахилга, ёс зүйн асуудлыг шалган дүгнэх, хариуцлага хүлээлгэх илүү ил тод, шударга, хяналттай тогтолцоо бий болсон, хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлж оролцох, бодлогын нөлөөлөл хийх боломжуудыг хуульчдад нээж өгсөн зэрэг зөвхөн хуульчдад бус нийгэмд ч эерэг үр дагавар, сайн нөлөө үзүүлэх томоохон өөрчлөлт, шинэчлэлт хууль зүйн салбарт хийгдсэн гэж үзэж болно.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бий болсон энэ ололтыг цаашид хадгалж, улам төгөлдөржүүлэн хөгжүүлэх нь зөв бөгөөд төлөвшин бэхжих үедээ яваа, үр дүн нь бүрэн мэдрэгдэх болоогүй шинэчлэлт, өөрчлөлтөөс ухарч няцах нь оновчтой шийдэл биш юм. Өөрөөр хэлбэл Өмгөөллийн тухай хуулийн төсөлд чиг үүрэг нь хуулиар Монголын Хуульчдын холбоонд шилжсэн Өмгөөлөгчдийн холбоог давхардуулсан чиг үүрэгтэйгээр дахин байгуулахаар тусгасан нь томоохон ухралт болох бөгөөд энэ нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бий болсон ололтыг үгүй хийх, хуульчдын мэргэжил, ёс зүйн хариуцлагын нэгдсэн стандартыг тогтоох, нийтэд тустай үйл ажиллагаа явуулах зэрэг нийгэмд хэрэгтэй олон чиг үүргийг хэрэгжүүлэх хууль ёсны үүрэг хүлээсэн хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагыг устгах нэн таагүй үр дагаварт хүргэнэ гэж үзэж байна.
Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний “халдашгүй байх” эрх, эрх чөлөөг зөрчин, эрүүдэн шүүлт явуулсан жигшүүрт ажиллагаа ил болж, хүний эрхийн асуудал олон нийтийн анхаарлын төвд орсон энэ цаг үеийг ашиглан зарим хуульч, улс төрчдийн зүгээс Өмгөөллийн хууль, Өмгөөлөгчдийн холбоо байхгүй болсноор ийм бусармаг үйл ажиллагаа явагдсан гэх тайлбарыг удаа дараа хийж байгаа нь туйлаас зохимжгүй юм. Өөрөөр хэлбэл асуудлыг зүй ёсоор дүгнэж, эрүүдэн шүүх үйл ажиллагааг илрүүлэх процессын хуулиуддаа анхаарах ёстой байтал Өмгөөллийн бие даасан хуульгүй болсноор алдаа, завхрал гарч байна хэмээн төөрөгдүүлэх, хууль тогтоочид болон олон нийтийн анхаарлыг иймэрхүү эмзэг асуудалд хандуулах замаар шинэлэг тогтолцоог нураах нь хэнд ашигтайг ойлгох аргагүй байна.
Иргэд, олон нийт, зарим улс төрчид, хуульчид төдийгүй Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс өнгөрсөн 27 жилийн хугацаанд хүнийг эрүүдэн шүүж, хууль ёсны эрх, эрх чөлөөг нь ноцтой зөрчдөг нөхцөл байдал бодитойгоор оршиж байсныг нотлон мэдэгдэж, дорвитой арга хэмжээ авахыг сануулж байгаа. Үүнд бодитой дүгнэлт хийж, асуудлыг өргөн хүрээнд авч үзэн, хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрхийг бүрэн хэрэгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн эдлэх ёстой эрх, үүргийг бүрэн хангах, өмгөөлөгч үйлчлүүлэгчийн хоорондын харилцаа, нууцлалыг хамгаалах зэрэг чиглэлд хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай байна.
Сэргээн батлахаар хэлэлцүүлж байгаа Өмгөөллийн тухай хууль анх 1994 онд батлагдаж, 2002 онд шинэчлэгдэн, 2012 онд хүчингүй болсон байх бөгөөд хүнийг эрүүдэн шүүж, хууль ёсны эрх, эрх чөлөөг нь зөрчдөг ноцтой нөхцөл байдал бодитойгоор оршиж ирсэн 27 жилийн хугацааны 18 жилд нь Өмгөөллийн хууль үйлчилж, Өмгөөлөгчдийн холбоо ажиллаж байжээ. Тиймээс Өмгөөллийн хууль, Өмгөөлөгчдийн холбоо байхгүй болсноор ийм бусармаг үйл ажиллагаа явагдсан гэх тайлбар, дүгнэлт үндэслэл муутайгаас гадна олон жилийн турш хангалтгүй үр дүнтэй ажилласан энэ тогтолцоог буцаан сэргээснээр байдал сайжирна гэсэн баталгаа байхгүй юм.
Түүнчлэн 2002 оны Өмгөөллийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж, Өмгөөлөгчдийн холбоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх хугацаанд гадаад улсаас хууль бусаар баривчлагдан, эрүүдэн шүүлтэд өртсөн үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын төлөө ажилласан нэр бүхий өмгөөлөгч хорих ял авч, өмгөөллийн эрхээ цуцлуулж байсан тохиолдол ч мөн гарч байсныг анхаарах ёстой.
Үүнээс үзэхэд өнгөрсөн 27 жилийн хугацааны 18 жилд нь ажиллаж ирсэн хуучин тогтолцоог сэргээж, улмаар хууль зүйн салбарт хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлтийг буцаан нураах бүлэг хүмүүсийн далд зорилгыг гүйцэлдүүлэх нь нийгэмд ашиггүй төдийгүй хууль зүйн салбарын хөгжлийг тушихаас өөр тодорхой үр дүн, ахиц дэвшил авч ирэхгүй гэсэн дүгнэлтэд зүй ёсоор хүргэж байна.
Иймд Өмгөөллийн тухай хуулийн төсөлд туссан Өмгөөлөгчдийн холбоо байгуулахтай холбогдсон заалтуудыг бүрэн хасахыг санал болгож байна. Энэ нь давхардсан чиг үүрэгтэй хоёр байгууллага байгуулж хуульчдад учрах давхар татвар, захиргааны болоод үйлчилгээний дарамт шахалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн хувьд хүндрэл учруулах уршиг бүхий давхардсан татвар, үйлчилгээ нь эцэстээ хуульчдын, тэр дундаа өмгөөлөгчдийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлж иргэн, аж ахуйн нэгжүүдэд дарамт болох, хоёр байгууллагын давхардсан чиг үүргийн золиос болох сөрөг үр дагавараас сэргийлэх онцгой ач холбогдолтой.
Монгол Улсын Үндсэн хуульд тусгайлан зааж хамгаалсан иргэдийн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхүүд багтдаг. Тиймээс өмгөөллийн үйлчилгээ нь зөвхөн өмгөөлөгч, хуульчдын асуудал биш, эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээтэй эн зэрэгцүүлэн авч үзвэл зохих нийгмийн үйлчилгээ гэдгийг хууль тогтоогчид онцгойлон анхаарах шаардлагатай байна.
Өмгөөллийн тухай хуулийн төсөлд иргэний хууль зүйн туслалцаа авах эрхтэй холбогдсон харилцааг ганцхан зүйлээр нэр төдий зохицуулж, өөрийгөө өмгөөлөх иргэний үндсэн эрхийн асуудлыг бүрэн орхигдуулсан байгаа нь учир дутагдалтай юм.
Тиймээс зохих шаардлагатай асуудлыг зохицуулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ийм тохиолдолд засах шаардлагатай асуудлуудыг тухайн хуульд нь нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засан, улам сайжруулах арга хэмжээг авч, Өмгөөллийн тухай хуулиар өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах иргэний үндсэн эрхийг хангах, улмаар нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалахад чиглэсэн өмгөөллийн үйл ажиллагааны эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг хангаж төгөлдөржүүлэх асуудлыг тусгайлан зохицуулж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл Өмгөөллийн тухай хуулийг зөвхөн өмгөөлөгчийн болон Өмгөөлөгчдийн холбооны хууль болгон явцууруулах бус өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж буй иргэний хийж болох үйлдэл, үйл ажиллагаа, түүний хүрээн дэх хууль зүйн болон бусад баталгааг тодорхойлох, тэрхүү үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтан, үүрэг бүхий бусад этгээдээс үзүүлж болох, үзүүлэх шаардлагатай дэмжлэгийг хуульчлан заах, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлж байгаа иргэнд үзүүлэх өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний заавал мөрдөх стандарт нөхцөлийг нь зааж өгөх замаар иргэдэд өмгөөллийн чанартай сайн үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалахад чиглэсэн өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагааг урамшуулах, холбогдох баталгаагаар хангах, өөрийгөө өмгөөлөх болон хууль зүйн туслалцаа авах иргэний эрхийг зөрчсөн, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалж байгаа өмгөөлөгчийн үйл ажиллагаанд саад учруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах, тодорхой болгох зэрэг асуудалд хуулийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай байна.
2002 оны Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсноор өмгөөлөгчийн болон өмгөөллийн үйл ажиллагааны эрх зүйн орчин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдаж ирсэн бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулиар “нийгмийн харилцааг зохицуулж байгаа хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр уг асуудлаар шинээр хууль гаргах, эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл шаардлагыг тодорхойлно” гэсэн шаардлага тавигдсан байдаг.
Гэтэл Өмгөөллийн тухай хуулийн төслийг санаачлагч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийгээгүй, уг асуудлыг огт зохицуулалтгүй шинэ харилцаа мэтээр авч үзсэн, Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д заасан “бусад хуулийн заалтыг давхардуулан заахгүйгээр шаардлагатай бол түүнийг эш татах, энэ тохиолдолд эшлэлийг тодорхой хийж, хуулийн нэр болон хэвлэн нийтэлсэн албан ёсны эх сурвалжийг бүрэн гүйцэд заасан байх”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэх” зэрэг заалтуудыг зөрчсөн, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчигдүүлсэн байдлаар хуулийн төслөө өргөн барьж, хэлэлцүүлж байна.
Тодруулбал дээр дурдсанчлан өмгөөллийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, иргэний эрхийг хамгаалах, эрх зүйн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлийн бодлого, өөрчлөлт Өмгөөллийн тухай хуулийн төслөөс харагдахгүй байгаа бөгөөд хуучин тогтолцоог сэргээх, Өмгөөлөгчдийн холбоо гэх байгууллагыг байгуулах гэсэн нэг чиглэлийг баримталсан, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуультай давхардсан олон зохицуулалттай, нийгэмд хүрэх үр өгөөж, ач холбогдол нь тодорхойгүй хуулийн төслийг Улсын Их хурлаар хэлэлцүүлж байна.
Түүнчлэн Өмгөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад материалд дурдагдсан дүгнэлтүүд нь тодорхой судалгаа, тоо баримтад тулгуурлаагүй, хийсвэр, цөөн хүний хувийн явцуу үзэл бодолд суурилсан гэж дүгнэж болохоор байна. Өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, хараат бус байдлыг нь хангах хэрэгцээ, шаардлага байгааг үгүйсгэхгүй. Гэвч нэг байгууллага байгуулснаар өмгөөлөгчийн эрх зүйн байдал дээшилж, хараат бус байдал нь хангагдана гэж үзэх боломж байхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг дээшлүүлэх асуудлыг нэг мөр авч үзэх шаардлага зүй ёсоор тавигдана. Өмгөөллийн тухай хуулийн төслийг дагалдуулсан хуулийн төслүүдээс энэ чиглэлийн өөрчлөлт, шинэчлэлт огт харагдахгүй байна.
Иймд Өмгөөллийн тухай хуулийн төслийг яаран батлахгүйгээр нийгмийн хэрэгцээ, шаардлагад нь нийцүүлэн чанаржуулах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт нь үнэлгээ хийж хуулийн давхардал, хийдлийг нэг мөр тодорхойлох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрх, хараат бус байдлыг хангах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах иргэний үндсэн эрхийг бүрэн хангахад чиглэсэн үйл ажиллагаа, үйлчилгээний ялгаа заагийг тогтоох, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалахад чиглэсэн өмгөөллийн үйл ажиллагааны эрх зүйн орчин, баталгааг бүрдүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийн нэг хэсэг болж байгаа өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний чанар, баталгаа, иргэний өмнө хүлээх үүрэг, хариуцлагын асуудлыг өргөн хүрээнд нь судлан хэлэлцэж, бодлогын томоохон өөрчлөлт, ахиц дэвшил авч ирсэн хууль гаргахыг санал болгож байна.
Эдгээрийг шинээр хууль гаргах, 18 жилийн турш үр дүн муутай ажилласан өмнөх тогтолцоог сэргээх, шинэчлэлт өөрчлөлтийг үгүйсгэх, чиг үүрэг нь давхардмал байгууллагыг дахин байгуулах зайлшгүй шаардлагатай үндэслэл гэж үзэхээс илүүтэй тодорхой сонирхол бүхий бүлэг хүмүүсийн гаргаж ирсэн шалтаг гэж дүгнэж болохоор байна.
Тодруулбал дээр дурдагдсан зарим асуудлыг шинэ хууль гаргаж, шинээр байгууллага байгуулахгүйгээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх бүрэн бололцоотой байгаа бол зарим нь үнэнд нийцэхээргүй дүгнэлт болсон байна.
Монголын хуульдын холбоо нь хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх эрх бүхий хуульч, өмгөөлөгч, өмгөөллийн нөхөрлөлийн жагсаалтыг нийтэд нээлттэй байршуулдаг, аймаг, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудтай хамтран хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй үзүүлэх ажлыг сар бүр тогтмол хугацаанд зохион байгуулдаг, мөн 21 аймаг дахь салбар, салбарын зохицуулагчдаараа дамжуулан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хуульчдын талаарх мэдээллийг хүргэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хуульчдыг бүртгэх, мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулах, зэрэг ажлыг тогтмол зохион байгуулж иржээ. Түүнчлэн төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороогоор дамжуулан төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж, 2018 оны байдлаар төлбөрийн чадваргүй 141 иргэнд, 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 71 иргэнд тус тус хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлсэн, мөн Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо нь 2014-2018 онд нийт 961, нэг жилд дунджаар 190 гаруй гомдол, мэдээлэл шалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд хууль зүйн туслалцаа авах эрх зөрчигдсөн тухай гомдол гарсан тохиолдол байхгүй байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т төлбөрийн чадваргүй иргэнд үзүүлэх өмгөөллийн үйлчилгээний зардлыг төр хариуцахаар заасан. Үүний дагуу ХЗДХЯ төсвөө батлуулдаг боловч, Монголын Хуульчдын холбоонд энэ санхүүжилтээс нэг ч төгрөг очдоггүй, тус яамны харьяа давхардсан чиг үүрэгтэй байгууллагад хуваарилагдаж ирсэн байна.
Иймд Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Хууль тогтоомжийн төслийн сонсгол”-ыг зохион байгуулж, олон нийтийн саналыг өргөн хүрээнд авч тусгахыг санал болгож байна. Нийтийн сонсголын тухай хуулийн 7 дугаар зүйлд “нийтийн ашиг сонирхолд шууд хамааралтай …нийгмийн …асуудлыг шийдвэрлэх” хууль тогтоомжийн төсөлд сонсгол явуулж болно гэж заасан бөгөөд өмгөөллийн үйлчилгээ нь зөвхөн өмгөөлөгч, хуульчдын асуудал биш, эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээтэй эн зэрэгцүүлэн авч үзвэл зохих нийгмийн үйлчилгээ мөн юм.
Өмгөөллийн тухай хуулийн төслийг санаачлагч нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээд болох өмгөөлөгчид болон Монголын Хуульчдын холбоогоор уг хуулийн төслийг хэлэлцүүлж, санал авах ажиллагааг албан ёсоор хийгээгүй байх бөгөөд Монголын Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбоо ТББ-аас хийсэн 2015, 2016 оны судалгааг ашиглажээ.
Иймд Өмгөөллийн тухай хуулийн төслийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зүй ёсоор хөндөгдөж байгаа нийт өмгөөлөгчдийн хүрээнд дахин хэлэлцүүлэх байдлаар Монголын Хуульчдын холбооноос албан ёсоор санал авч, харгалзан үзэх ажиллагааг хэлэлцүүлгийн шатанд зохион байгуулахыг санал болгож байна.
Энэ нь хуулийн төслийн үзэл баримтлалтайгаа зөрчилдсөн төдийгүй, өмгөөллийн болон өмгөөлөгчийн үйл ажиллагааг төрөөс хараат болгох, хуульчдын өөрөө удирдах ёсны байгууллагыг үгүй хийх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналтад ажилладаг холбоонд өмгөөлөгчид захирагдах, улмаар өмгөөлөгчид ирэх аливаа дарамт шахалтыг нэмэгдүүлэх сөрөг үр дагаварт хүргэхээр байна.
Иймд энэ төрлийн заалтыг бүрэн хасах шаардлагатай гэж үзэж байна.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульч, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийг Монголын Хуульчдын холбоо хөтөлдөг. Түүнчлэн өмгөөлөгчийн эрх зүйн байдал Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдаж байна.
Өмгөөллийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалд уг хуулийн төсөл батлагдсанаар өмгөөлөгчдийн бие даасан, хараат бус байдлыг хангах тогтолцоог бүрдэнэ гэж дүгнэсэн атлаа хуулийн төслийн зорилтод тусгасан өмгөөлөгчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага байгуулах үйл ажиллагаанд төрийн захиргааны байгууллага хутгалдан оролцох, өмгөөлөгчдийн байгууллагын үйл ажиллагаанд нь хяналт тавих, зарим журмыг нь батлах хүртэл эрхийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгохоор тусгасан байгаа нь бие даасан, хараат бус тогтолцоо бүрдүүлэх зорилгоос бүрэн гажиж байна.
Иймд Өмгөөллийн тухай хуулийн төсөл батлагдана гэж үзсэн тохиолдолд шинээр байгуулагдах Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулах бус Монголын Хуульчдын холбоо хариуцан зохион байгуулах, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоог бүрэн халах зэрэг арга хэмжээг авч, холбогдох хуулийн төсөлд тусгахыг санал болгож байна.
Миний бие хүний эрхийг хамгаалах, хууль зүйн салбарыг хөгжүүлэх, хуульт ёсыг бэхжүүлэх чиглэлд сайн дурын үндсэн дээр идэвх санаачилга гарган, эвлэлдэн нэгдэж ажиллаж байгаа хуульчид, хуульчдын төрийн бус байгууллагуудыг дэмжиж ирсэн бөгөөд Монголын өмгөөлөгчдийн холбоог төрийн дээд одонгоор шагнасныг үүний нэг илрэл гэж үзэж болно. Цаашид мөн энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана. Харин төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, ололт амжилтыг үгүйсгэсэн, ухарч няцсан, нийгмийн хэрэгцээ, шаардлагыг харгалзсан гэхээсээ илүүтэй хэсэг бүлгийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийг зорьсон ийм бодлогыг хэрхэвч дэмжихгүй гэдгээ үүгээр мөн илэрхийлье.
Саналыг зохих журмын дагуу хэлэлцүүлж, харгалзан шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” гэжээ.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар
Сэтгэгдэл ( 0 )