Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаа Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр баталлаа.
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газрын бүтэцтэй холбогдуулан, түүнчлэн дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас үүссэн нийгэм, эдийн засгийн урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлыг даван туулах зайлшгүй шаардлагын үүднээс Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийг тодотгох шаардлагатай болсон юм.
Учир нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 10.7 хувиар, нийт экспорт эхний хагас жилийн байдлаар 28 хувиар, уул уурхайн экспорт 25 хувиар, нийт импорт 15 хувиар тус тус буурсан байна. Эхний хагас жилийн гүйцэтгэлээр төсвийн орлого төлөвлөснөөс 1.2 их наяд төгрөгөөр тасарч, төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд цаашид ч эдийн засгийн хямрал үргэлжлэх төлөвтэй байна.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг нийгмийн даатгалын шимтгэл, албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, дэмжлэг, тусламж үзүүлэх талаар холбогдох хууль, тогтоолыг Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сард баталсан билээ. Үүний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас холбогдох шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж, энэ арга хэмжээнд өнгөрсөн хугацаанд 1.9 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Цаашид ч эдийн засгийн хямралтай байгаа энэ цаг үед иргэд, аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжих, урамшуулах энэ бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Төсвийн тэвчиж болох зардлыг хэмнэж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд зарим төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах зардлыг бууруулж төсвийн төсөлд тусгасныг Улсын Их Хурал дэмжиж баталлаа.
Ирээдүйн өв санд 943.2 тэрум төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд 55.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тодотгож баталлаа.
Монгол Улсын 18 хүртэлх насны хүүхэд бүрд 4 дүгээр сараас эхлэн сар бүр 100 000 төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгохоор шийдвэрлэлээ. Иймээс 2020 оны төсвийн жилд хүүхдийн мөнгөн тэтгэмжид нийт 1 их наяд 92.2 тэрбум төгрөг зарцуулагдах юм.
Боловсролын зээлийн санд 42.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг баталснаар тус сангаас оюутны хөгжлийн зээлд 10,000.0 сая төгрөг, сувилагч мэргэжлээр төрийн их дээд сургуульд суралцагсдын тэтгэлэгт 5,919.4 сая төгрөг, дэлхийн шилдэг 100 сургуульд суралцагчдын сургалтын төлбөрийн зээлд 10,000.0 сая төгрөгийг тус тус зарцуулахаар баталлаа.
Хүүхэд харах үйлчилгээнд 5.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зарцуулахаар боллоо.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын эсрэг вакцин худалдан авах болон улирлын томуугийн вакцинд шаардагдах, түүнчлэн цар тахлын голомтот бүсэд ажиллаж байгаа, эмч, ажилчдын дэмжлэг зэрэг эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах арга хэмжээнд зориулан 118,6 тэрбум төгрөг, эрүүл мэндээс бусад салбарын цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хувцас, хамгаалах хэрэгсэлд зориулж 6.2 тэрбум, Засгийн газрын нөөц санг 40 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа.
Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих урамшуулалд зориулан 244.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталлаа.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлж хэрэгжүүлэхээр батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулаагүй, ажил нь эхлээгүй болон цар тахлын үед зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагагүй, тэвчиж болохуйц зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг царцааснаар улсын төсвөөс 4,118,180.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 1356 төсөл арга хэмжээг 2020 онд 1,330,855.4 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр өөрчлөн баталлаа.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчийн болон сайн дурын даатгуулагчийн шимтгэл төлөлтийг тодорхой хугацаанд чөлөөлсөн билээ. Түүнчлэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж шимтгэл төлөх иргэд цар тахлын улмаас төлөвлөсөн хэмжээнд хүрэхээр шимтгэл төлөх боломжгүй нөхцөл үүссэн байна. Эдгээр нөхцөл байдалтай уялдуулан Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх нийт орлогыг 1,812.2 тэрбум төгрөгөөр буюу 2020 оны батлагдсан хэмжээнээс 880.0 тэрбум төгрөгөөр бууруулж, тус сангаас зарцуулах нийт зардлын хэмжээг 2,494.0 тэрбум төгрөгөөр буюу 2020 оны батлагдсан хэмжээнээс 16.6 тэрбум төгрөгөөр бууруулж баталлаа.
Ийнхүү 2020 оны батлагдсан төсөвт өөрчлөлт орсноор нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 730,9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 25.2 хувь, нийт зарлагыг 14 их наяд 577,5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 4 их наяд 846,6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 12.5 хувьтай тэнцүү байхаар тооцож батлав.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар
Сэтгэгдэл ( 0 )