Монгол Улс 19 жилийн өмнө батлагдсан хуулиар хүний эрхийг хангаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас 2019 оны аравдугаар сарын 8-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Төрийн ордонд зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хууль зүйн, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцлаа.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2000 онд баталснаас хойш нийт таван удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Гэвч эдгээр өөрчлөлт нь бусад хууль тогтоомжид оруулж байгаа өөрчлөлттэй холбоотойгоор хийгдсэн байна. Нийгэм, цаг үеийн өөрчлөлтөөс үүдэн 19 жилийн өмнөх хуулийн зохицуулалтаар хүний эрхийг хангаж, хамгаалах үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон ба хүний эрхийн үндэсний комиссын эрх мэдлийг бэхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, чиг үүргийг тодорхой болгох, төсөв санхүүжилтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан ийнхүү хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

“Хүний эрхийн үндэсний комиссоос 2001 оноос хойш нийт 18 илтгэлийг УИХ-д танилцуулсан байна. Үүнтэй холбоотойгоор хүний эрхийг хамгаалахад чиглэсэн нэлээд олон зөвлөмж, шаардлагуудыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудад өгч ажилласан байдаг. Эдгээр тайлан бүрт хүүхэд хамгаалал, хүчирхийлэл, хүрээлэн буй орчин, эмэгтэйчүүд, эрүү шүүлт зэрэг хүний эрх зөрчигдсөн бүхий л асуудалд зөвлөмж, шаардлагаа хүргүүлсэн байдаг ч эрх зүйн хувьд хязгаарлагдмал эрх мэдэлтэй, тодорхойгүй зохицуулалтын улмаас үр дүн багатай байсан. Монгол Улс 1961 онд  НҮБ-ын гишүүнээр элссэнээс хойш өнөөдрийг хүртэл хүний эрхийг хангах, хамгаалахад чиглэсэн 40 гаруй олон улсын гэрээ, конвенц, протоколд нэгдэн орсон. НҮБ-ын холбогдох хороодоос удаа дараа манай улсад хүний эрхийн байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмжийг өгч байсан. Иймд өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байна” хэмээн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь хэлэлцүүлгийн үеэр онцолсон.

Өмнөх хуулиар зөвхөн Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаа, эрх зүйн үндсийг тодорхойлж байсан. Харин хуулийн төсөлд Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг боловсролыг олон нийтэд түгээх, хөхиүлэн дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан байна. Хүний эрхийн үндэсний комисс нь нэг тэрбум төгрөг хүрэхгүй төсвөөр Монгол Улсын хэмжээнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах ажлыг түрээсийн байранд 48 хүний бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэдэг. Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн үндэсний байгууллагуудын зохицуулах хорооноос уг зарчимд бүрэн нийцүүлэх шаардлагатай буюу "Хүний эрхийн Үндэсний байгууллага нь өөрийн байртай байх, тус байгууллагын үйл ажиллагааны төсвийг хараат бус байдлаар төлөвлөх, ХЭҮК-ын гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох үйл явцыг ил тод, нээлттэй болгох зэрэг зөвлөмжүүдийн удаа дараа өгдөг байна. Иймд хуулийн төслийн 6 дугаар зүйлд төсвийн асуудлыг нарийвчлан зохицуулжээ.

НҮБ-ын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын нэмэлт протоколд Улс 2013 оны есдүгээр сарын 24-ний өдөр нэгдэн орохоор гарын үсэг зурж, 2014 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр УИХ соёрхон баталсан. Энэхүү протоколын зорилго нь Олон улсын болон үндэсний бие даасан байгууллага эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх явдлаас урьдчилан сэргийлэх,  эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийн байгаа газарт нь тогтмол эргэж очих тогтолцоог бий болгоход оршино. Протоколын гуравдугаар зүйлд зааснаар оролцогч улс бүр үндэсний түвшинд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрх хязгаарласан газар тогтмол очиж байх нэг буюу хэд хэдэн байгууллага байгуулах, томилох, эсхүл ийм байгууллагад дэмжлэг үзүүлэх үүргийг хүлээхээр зохицуулсан байна. Үүний дагуу хуулийн төсөлд Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаар нарийвчилсан зохицуулалтыг оруулжээ.

“Хүний эрх хөгжил төв” ТББ-ын тэргүүн Г.Уранцоож: Хүний эрхийн үндэсний комиссын хуулийг шинэчлэх цаг нь болсон. Иргэний нийгмийн байгууллагуудаас байнга шаарддаг байсан. Хуулийн төсөлд дэвшилттэй олон зохицуулалт орсон. Гэхдээ анхаарал татсан, тодруулах шаардлагатай асуудал байна. Тухайлбал, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог тодорхойлохдоо иргэний нийгмийн байгууллагуудыг орхигдуулсан тал ажиглагдаж байна. Комисс гурван гишүүнтэй байхаар заасан. Үүнийг тав болгож байж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжтой. Гишүүний тоог нэмэгдүүлэхээр төсөв санхүүгийн асуудал хүндрэлтэй гэдэг. Гэхдээ үүнийг иргэний нийгмийн байгууллагуудаас орон тооны бус хэлбэрээр нэмэгдүүлэх гарц бий.

Судлаач Г.Нарантуяа: Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмыг бүрдүүлэхээр оруулсан байна. Олон улсын протоколд тусгасан үг хэллэгээр нь тусгавал эргээд хяналт, шалгалт явуулахад илүү ач холбогдолтой болно. Мөн энэ хуулийг бусад хууль, тогтоомжтой уялдуулахад анхаарах хэрэгтэй.

“Нээлттэй нийгэм форум”-ын менежер Б.Хишигсайхан: Хуулийн төслийг боловсруулахад ажлын хэсэгт орж ажилласан. Комиссын гишүүнд тавигдах шаардлагад улс төрийн мэргэшилтэй гэсэн томъёоллыг хассан  нь зөв. Гэхдээ ёс суртахууны шалгуурыг нэмэх хэрэгтэй. Тухайн салбартаа ажилласан туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн хүн нэр дэвших ёстой. Бусад саналуудаа УИХ-ын Ажлын хэсэгт бичгээр хүргүүлнэ.

“Эмнести интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа: Хуулийн төсөл боловсруулахдаа иргэний нийгмийн байгууллага, судлаачдыг оролцуулдаг сайн жишиг тогтож байгаад баяртай байна. Комиссын гишүүдийн тоог нэмэгдүүлэх ёстой гэдэг байр суурийг дэмждэг. Гэхдээ комис­сын гишүүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж томилохдоо “Томилгооны сонсгол”-ыг заавал хийдэг байх зохицуулалтыг оруулах хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top