Радио долгион болон Шуудангийн тухай хуулийг Байнгын хороонд шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 03

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хороо хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тус Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Л.Болд, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар багтаж ажиллажээ.

Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн 04 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хийсэн. Хэлэлцүүлгийн явцад ажпын хэсгээс харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын радио долгионы талаар хэрэгжүүлэх эрхэнд тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын нэгдсэн төлөвлөлтийг батлахаар, олон улсын радиогийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулахаар, харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхэнд тусгай хэрэглээнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалтыг тусгай хэрэглээний радио давтамж ашиглах эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулах, хуульд өөрөөр заагаагүй бол тохирлын баталгаагүй радио тоног төхөөрөмж ашиглах болон радио холбооны сүлжээ сарниулах тоног төхөөрөмж ашиглах, импортлох, үйлдвэрлэх, худалдахыг хориглох зохицуулалтуудыг шинээр нэмэх зэрэгтэй холбогдсон санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг Байнгын хороо санал, дүгнэлтдээ дурджээ.

Радио долгионы тухай хуульд харилцаа холбооны тухай хууль, бусад шинээр батлагдсан болон нэмэлт өөрчлөлт оруулсан хуулиудын өөрчлөлттэй нийцүүлэн эшлэл, заалтуудыг өөрчлөх, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын конвенц болон Дэлхийн радио холбооны дүрмийн нэр томьёонд нийцүүлэн хуулийн зарим нэр томьёог өөрчлөх, хоорондын зөрчил, давхардлыг арилгах, үг хэллэг, томьёоллыг ойлгомжтой, тодорхой болгож өөрчлөн найруулах зэрэг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 9 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Иймээс хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өнгөрсөн оны 10 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын энэ оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Тиймээс дээрх хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлангаар ахлуулан байгуулж ажиллуулжээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Байнгын хороогоор дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад ажлын хэсгээс улс хоорондын шуудангийн илгээмжийн үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхой болгох, шуудангийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, борлуулалт, дахин үнэлэлт, улсын фондын баяжуулалт, хадгалалт, хамгаалалтын журмыг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, олон улсын шуудангийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулах, үйлчлэгчийн үүрэгт салбарын өрсөлдөөнийг дэмжих зорилгоор үйлчлэгч өөрийн сүлжээг бусад үйлчлэгч холбогдоход нээлттэй байлгах болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.2-т заасны дагуу бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд хөрөнгө төвлөрүүлэх гэсэн зохицуулалтуудыг шинээр нэмэх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Мөн хуулийн төсөлд хуулийн зүйл, заалтын давхардал, хийдэл, хуулийн зарим нэр томьёог өөрчлөх, хоорондын зөрчил, үг хэллэг, томьёоллыг ойлгомжтой, тодорхой болгож өөрчлөн найруулах зэрэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Н.Оюундарь, Я.Содбаатар нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 8, найруулгын шинжтэй 3 санал гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 8 дахь заалт буюу 25.3 дахь хэсгийг “Үнэ бүхий шуудангийн тэмдэгт маркийг үйлдвэрлэх, борлуулах, хадгалах бодлогыг Засгийн газар батална” гэж, 3 дугаар зүйлийн 10 дахь заалт буюу 25.2 дахь хэсгийг “Шуудангийн марк нь Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн, шуудангийн илгээмжийн төлбөр төлөгдсөнийг баталгаажуулсан, үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн төрөл” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтов.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу 21.1 дэх хэсгийг “Улс хоорондын агаарын болон газрын шуудангийн үйлчилгээнд Монгол Улсын олон улсын гэрээ, үйлчлэгч хоорондын гэрээ, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө” гэж, 3 дугаар зүйлийн 7 дахь заалт буюу 21.2 дахь хэсгийг “21.2.Улс хоорондын шуудангийн илгээмж гэдэгт хилийн чанадаас Монгол Улсад хүргэж байгаа, Монгол Улсаас хилийн чанадад илгээж байгаа, эсхүл дамжин өнгөрч байгаа шуудангийн илгээмж хамаарна” гэж тус тус өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзлээ. Харин төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалт буюу 7.1.8 дахь заалтыг “Олон улсын шуудангийн байгууллагад Монгол Улсыг төлөөлөх, гишүүн орнуудаас урьдчилан гаргасан санал, дүгнэлт, судалгааны үр дүнг судлах, олон улс, бүс нутгийн хуралд бэлтгэх, оролцохтой холбогдсон ажлыг зохион байгуулах” гэж өөрчлөн найруулах санал дэмжигдсэнгүй. Иймээс эцсийн хэлэлцүүлгийн шатанд энэ саналыг анхаарч нягтлах чиглэлийг хуралдаан даргалагч ажлын хэсэгт өгөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top