Брент төрлийн газрын тосны ханш 80 ам.долларт хүрч магадгүй байна

2019 оны 05 сарын 03

Өнөөдөр Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлэл хийж, шатахууны үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсүүдийн талаар мэдээлэл өглөө. Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл хийлээ. 

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 465.28-544.78 ам.доллар буюу баррель нь 64.00-71.70 ам.долларын хооронд хэлбэлзсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Ираны эсрэг хоригоо чангатгаж байгаатай зэрэгцээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помео “Иранаас үргэжлүүлэн газрын тосны худалдаж авч байгаа ямар ч улс АНУ-ын хоригтой нүүр тулна” гэж мэдэгдснээс шалтгаалан газрын тосны ханш сүүлийн зургаан сарын дээд түвшинд хүрээд байна.

Ираны эсрэг тавьсан АНУ-ын хоригоос шалтгаалан БНХАУ, Грек, Энэтхэг, Итали, Япон, БНСУ, Тайвань, Турк зэрэг орнууд энэ оны тавдугаар сарын 2-ноос эхлэн Иранаас газрын тос импортлох боломжгүй болж байгаа. Үүнээс шалтгаалан Иран улс газрын түүхий тосны зах зээлээс гарч байгаагаас гадна Ливи улсын дотоодын хямрал нь газрын тосны олборлолтын хэмжээ огцом буурахад шууд нөлөөлж байна. Одоогийн энэ нөхцөл байдал цаашид үргэлжилбэл Брент төрлийн газрын тосны ханш 80 ам.долларт хүрэх боломжтой гэж “SPI Asset Management” таамаглаж байна.

Мөн өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Саудын Арабыг оролцуулаад ОРЕК-ийн болон бусад олборлогч улс хэлэлцээрээр хүлээсэн үүргээ бүгд сахин биелүүлж байна” гэж Бээжин хотноо сэтгүүлчдэд мэдэгдэл хийгээд байна.

2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 544.78 ам.долл/баррель 71.70 ($)/, “WTI” төрлийнх 496.66 ам.долл /баррель 63.65 ($)/ ханштайгаар худалдаалагдаж байгаа ба өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 3.63 хувиар, “WTI” төрлийн түүхий тос 3.76 хувиар тус тус буусан байна.

ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны гуравдугаар сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 39-50 ам.доллароор, мөн 2019 оны дөрөвдүгээр сарын хилийн үнэ өмнөх 3 сарынхтай харьцуулахад А-80, Аи-92 автобензин 71 ам. доллароор, 2019 оны тавдугаар сард дизелийн түлш 17 ам.доллароор, А-80, Аи-92 автобензин 53 ам. доллароор тус тус өссөн нь манай улсад шатахууны жижиглэнгийн үнэ тодорхой хэмжээгээр өсөхөд нөлөөлж байна.

Одоогийн байдлаар А-80 автобензин 666 ам.доллар/тн, Аи-92 автобензин 696 ам.доллар/тн, дизелийн түлш 640 ам.доллар/тн болоод байна.

2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 49 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 109, Аи-92 автобензин 49, дизелийн түлш 44, ТС-1 онгоцны түлш 27 хоногийн нөөцтэй байна. Засгийн газрын 2018 оны шийдвэрийн дагуу шатахуун импортлогч 26 аж ахуйн нэгжүүд 116,5 мянган тонн-оос багагүй хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна.

Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компани ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 18 орноос 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 472,3 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлож, 101 агуулах, 1302 шатахуун түгээх станцаар дамжуулан хэрэглэгчдийг шатахуунаар тасалдалгүй хангаж байна.

Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Шатахууны үнийг автоматаар тогтоох механизм” нэвтрүүлэх Техникийн туслалцааны ажлын хэсэг 2019 оны 4 дүгээр сарын 11-29-ний  өдрүүдэд манай улсад ажилласан. Олон улсын валютын сан нь шатахууны үнийг автоматаар тогтоох механизмыг 40 гаруй оронд амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд шатахууны үнийг хилийн үнэ, валютын ханштай уялдуулан автоматаар тооцдог механизмыг манай улсад нэвтрүүлснээр дэлхийн зах зээл дээрх газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлэл болон тухайн сард хэрэглэгчдэд нийлүүлэх шатахууны жижиглэнгийн үнийн мэдээллийг нийтэд ил тод болгох, тогтмол мэдээлж байх, улс төрөөс шалтгаалан шатахууны үнэнд нөлөөлдөг нөлөөлөл болон ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг ил, далд татаасыг зогсоох, шатахууны үнийн огцом өөрчлөлтийг багасгаж зах зээлийн зарчимд уялдуулах давуу талтай болох юм. ОУВС-ийн Техникийн туслалцааны ажлын хэсэг нь шатахууны үнийг автоматаар тогтоох томъёолол, аргачлал, зөвлөмжийг гаргаж Сангийн яаманд танилцуулаад байна.

Монгол Улсын Шадар сайдын 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тушаалаар Дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Энэхүү дэд ажлын хэсэг нь Монгол Улсын хэмжээнд шатахууны чанарын хяналтын тогтолцоо бүрдүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл /Нефтийн бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлт, ачилт, буулгалт, чанар, жин хэмжээ г.м/ хяналтын мэдээ, мэдээллүүдийг харилцан шуурхай солилцох хяналтын нэгдсэн систем бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд үр дүнг 2019 оны тавдугаар сард Засгийн газрын хуралдаанд танилцуулна гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top