АНУ Хойд Солонгосоос амиа алдсан цэргүүдийн цогцсыг буцаан авах хүчин чармайлтаа зогсоолоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

АНУ Солонгосын дайнд амиа алдсан цэргүүдийнхээ цогцсыг буцаан авах талаар гаргаж буй хүчин чармайлтаа зогсоолоо.

Өнгөрсөн жилд БНАСАУ 1950-1953 оны Солонгосын дайны үеэр амиа алдсан АНУ-ын 50 гаруй цэргийн цогцсыг АНУ-ын талд хүлээлгэн өгсөн билээ.

Гэвч, энэ лхагва гарагт /2019.05.08/ Пентагон тус хөтөлбөрийг зогсоож буй талаар мэдэгдээд Ханой хотноо болсон хоёр улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэний дараа Хойд Солонгосын тал энэ чиглэлээр гаргаж байсан хүчин чармайлтаа зогсоосон байна.

Солонгосын дайны үеэр АНУ-ын 36 мянга орчим цэрэг амиа алдсан гэсэн мэдээ байдаг хэдий ч АНУ-ын тал нэмж 7700 цэрэг бүртгэгдээгүй хэмээн мэдэгдэж байгаа юм. Эдгээрээс 5300 цэрэг Хойд Солонгост амиа алдсан аж.

Мягмар гарагт /2019.05.07/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлэх Өмнөд Солонгосын төлөвлөгөөг дэмжиж байгаа гэж Сөүл мэдэгдэв. Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар 35 минутын турш Хойд Солонгостой яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх арга замын талаар утсаар ярилцсан байна. Ерөнхийлөгч Трамп Өмнөд Солонгосын зүгээс Хойд Солонгост үзүүлэх хүнсний тусламж цагаа олсон, эерэг арга хэмжээ байх болно гэж мэдэгдсэнийг Өмнөд Солонгосын тал онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top