С.Чинзориг: Хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих бодлого баримтална

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг 60.5 хувийн саналаар дэмжиж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүдээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Макро эдийн засгийн хамгийн чухал асуудал бол ажлын байр. 2020 оны үндсэн чиглэлд ажилгүйдлийг 6.5 хувь байна гэж тусгажээ. Бид жил бүр тоо тавьдаг. Тоог бүртгэлтэй ажилгүйчүүдээс авдаг болохоор бодит бус. Бүртгэлгүй ажилгүйчүүдийг нэмбэл 15 хувь байгаа. Тэгэхээр ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Ингэж байж эдийн засаг хөгжинө. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлснээр 2020 онд хамгийн бодитоор ажлын байрыг нэмэгдүүлж чадна. Энэ сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар бодлого баримталж байгаа вэ” хэмээн асуухад ХНХ-ын сайд С.Чинзориг “Ажлын байр нэмэгдүүлэх асуудал дан ганц Хөдөлмөрийн яамны асуудал биш. Салбар дундын асуудал бөгөөд макро эдийн засгийн асуудал. Тиймээс бизнесийн хөгжлийг хангах бодлоготой уялдуулж ажилладаг. Уул уурхайн салбарт эдийн засгийн өсөлт өндөр байгаа ч ажлын байр шингээлт муутай салбар байдаг. Тиймээс хөнгөн үйлдвэрийн салбарт эдийн засгийн өсөлтийг бий болгох шаардлага байна. Засгийн газраас ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс үндэсний хөтөлбөрөө баталсан. 1995 оноос хойш үндэсний хөтөлбөргүй явж байсан. Мөн гадаадаас авах ажиллах хүчийг бууруулах бодлого баримталж байгаа. Энэ бол ажлын байр бий болгох бодлоготой уялдаж байгаа. Ажилгүйдлийг бууруулахын тулд 100 хувь зуучилж ажлын байртай болгох бэрхшээлтэй. Тиймээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. 2018 онд анх удаа 20 тэрбум төгрөг улсын төсвөөс суулгасан. 2020 онд 97 тэрбум төгрөгийг тусгах төсөөлөлтэй ажиллаж байгаа” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top