Каори Ичё “Токио 2020”-д оролцож чадах уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Олимпийн дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга Японы алдарт тамирчин Каори Ичёг монголчууд сайн мэднэ. Энэ жил 35 нас хүрэх ахмад тамирчин ч ирэх жил нутагт нь болох “Токио 2020” наадамд зодоглож түрүүлэх нь түүний зорилго. Алдартай сайн бөх гээд түүнд олимпийн эрх шууд өгчихгүй. "Токио 2020" олимпийн наадамд оролцохын тулд эхлээд ДАШТ-д зодоглох шигшээ багт багтах ёстой. Шигшээд орохын тулд Бүх Японы АШТ-д түрүүлэх үүрэгтэй. Өнгөрсөн жил болсон УАШТ-дээ тэр эхний барилдаанд Риогийн олимпийн 63 кг-ийн аварга Рисако Кавайд ялагдсан ч дараа нь гурав дараалан ялж, улсын аварга болсон. Каори япон бөхөд 17 жилийн дараа ялагдаж байгаа нь энэ бөгөөд нутгийн бөхчүүдээ дараалан ялсан амжилт нь ч 70 дээр зогссон. Каори хамгийн сүүлд 2001 оны УАШТ-д Саори Ёшидад ялагдаж байсан юм.

Ийнхүү Каори Ичё "Токио 2020" наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөөнд жингийн бусад тамирчдаасаа илүү боломжтой болсон. Шигшээ багийн суудлаа бат болгохын тулд Каори Хятадын Си Аньд болсон Азийн АШТ-д зодоглолоо.

Тэр Ничидай их сургууль дээр дасгалжуулагч Танабэ Чикаратай хамт бэлтгэл хийсэн. Танабэ багш Азийн аваргад хамт явж чадаагүй ч Каорид нэгэн даалгавар өгчээ.

“Азийн аваргын тэмцээний гол зорилго бол зургаадугаар сард болох Бүх Японы АШТ, есдүгээр сарын ДАШТ, тэгээд ирэх жилийн олимпийн наадамд оролцох, ялан дийлэх хүч чадалтай болох явдал” Танабэ Чикара

“Багш надад хүч чадалтай болохоос гадна барилдааны мэдрэмжээ сайжруул гэж хэлсэн. Мөн довтолгоо, хамгаалалтын тэнцвэрээ хадгалж, хэвтээ байдалд дамжин барилдах, ямар ч дайралтад барьц алдахгүй бай гэж зөвлөсөн” Каори Ичё

Өмнөд Солонгосын Jieun UM-тэй хийсэн эхний барилдаанд Каоригийн хөдөлгөөн муу, биеэ барьсан харагдаж байв. Олон улсын тэмцээнд оролцоогүй удсан болохоор тэр байх. Хэт өндөр золгосноос өрсөлдөгч бөхдөө мөргүүлээд урд шүд нь хугарлаа. Гэвч ямар ч гэсэн цэвэр ялж чадсан.

Дараа нь 2018 оны Азийн наадмын аварга, Хойд Солонгосын Чён Мён Сүктэй таарлаа. Бие халж, тайвшраад одоо л ёстой барилдаж эхлэх нь гэтэл хэний ч таамаглаж байгаагүй зүйл болох нь тэр. Барилдаан эхлээд гучхан секунд болоход хөлдөө алдлаа. Дэвжээнээс гарган, нэг оноо хариулсан ч дахиад хөлөө алдаж, 4 оноо алдав. Эхний үе дуусах гэж байхад бас л солонгос бүсгүй хөлд нь давхар орж, дэвжээнээс гаргаад үе дуусахад 1:7 Чён ялж явлаа. Хоёрдугаар үед Каори туршлага заан оноогоо нөхөх гэж оролдсон ч гурван л оноо авч, 4:7 илт ялагдлаа.

Барилдааны дараа Каори Ичёгийн амнаас гарсан эхний үг “Юу ч хийж чадсангүй” байлаа.

“Барилдаж чадсангүй. Цаг дуустал байдлыг засах гэж оролдоод барсангүй. Яагаад ялагдав гэдгээ одоо бодно. Мён Сүкийн бичлэгийг үзэж судлаад залуу, хүчтэй тамирчин гэдгийг мэдсэн. Гэсэн ч хөлдөө алдсаар байгаад таарлаа. 2016 онд Монголын П.Орхонд ялагдахад яг ийм байсан” гэж хэлээд тэр талбайг орхисон.

Олимпийн дөрвөн удаагийн аварга Каори Ичё залуу тамирчинд илт ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа.

“Хэт өндөр золгоод байгаагаа би өөрөө ч мэдэрч байсан. Тийм болохоор эхний барилдаанд нүүрэндээ мөргүүлсэн хэрэг. Ёстой хэрэг алга. Хамгаалалт ч муу. Бэлтгэл муу байна. Барилдааны мэдрэмж байхгүй”

Аваргын амнаас огт гарч байгаагүй үг. Хүрэл медалийн төлөө барилдаанд Вьетнамын бөхийг ялж, гуравдугаар байр эзэлсэн ч Каори Ичёд баярлах зүйл цөөхөн байна.

Азийн аваргад явахынх нь өмнө дасгалжуулагч багшийн захисан зүйлийн алийг нь ч биелүүлж чадалгүй нутаг буцлаа. Түүнээс гадна түүний алдсан маш том нэг зүйл бол өрсөлдөгч нартаа Каоригийн хөлд ороход амархан юм байна гэсэн бодол, итгэл төрүүлсэн явдал байлаа. Шигшээ багийн өрсөлдөгч Рисако Кавай нь зоригтой дайрахад Каоригийн хөлд хүрэх юм байна гэж бодсон нь гарцаагүй.

“Рио 2016” олимпийн наадмаас хойш хоёр жил, найман сарын дараа олон улсын тэмцээнд оролцоод ялагдсан ч олж авсан юм байгаа нь мэдээж. Өөрөө эхлээд барьц авч, өрсөлдөгчөө хөдөлгөөд, хөлд ордог нь Ичёгийн онцлог. Харин энэ удаад хөлдөө алдсаар байгаад тивийн аваргаа дуусгалаа. Гэхдээ ДАШТ-д ялагдсанаас наана нь Тивийн аваргад унаж, сул талаа мэдээд авсан нь түүнд аз болсон байж мэднэ.

Оноо алдаад уурлаж, хэд дахин нөхөж авья, будаа болгоод өгье гэх хор шар түүнээс огт харагдсангүй. Ялагдаж, ялж явсан залуу үеэ эргэн дурсаж, олимпод түрүүлэх хүсэл зорилгоо дахин нэг удаа зүрхэндээ асаах хэрэгтэй байж ч мэднэ. Чөлөөт бөх бол тулааны спорт. Алалцан үзэлцэх зүрх зориг байхгүй бол урьд өмнөх гавьяагаар ялдаг хүн гэж байхгүй. 2016 оны Риогийн олимпиос долоон сарын өмнө И.Ярыгиний тэмцээн дээр манай П.Орхонд ялагдаж, дараалсан ялалт нь зогсож, шоконд орж байсан удаатай. Тэр алдаа эндэгдлээ засаж, Каори Риод түрүүлж чадсан. Тэгвэл одоо энэ ялагдлаа дөрвөн сарын дараа болох ДАШТ-д ялалт болгон хувиргах боломж байна.

Олимпийн таван удаагийн аварга болох мөрөөдлөө биелүүлэх түүний сорилт дөнгөж эхлээд байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үз (66.181.184.225) 2021 оны 12 сарын 23

Орхон допинг хэрэглэсэн бсан биз

0  |  0
Хайран охин(122.201.22.67) 2019 оны 05 сарын 17

Орхоныг Ичо монголын мулгуу дасгалжуулагланцартай хамтраад зайлуулсан л даа.

0  |  0
Зочин(103.80.210.95) 2019 оны 05 сарын 17

Нэг бехийн, тэр тусмаа япон авгайн явдал маньд ямар пад байна аа

0  |  0
matilda(156.0.214.50) 2019 оны 05 сарын 17

Миний нэр Хатагтай Матильда ЛЕСОПОСРЕРС, би санхүүч мэргэжилтэй хүн. Зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол, Бид эргэн ирэх боломжтой хэн нэгэнд зээл санал болгодог Бид 5000-50000 евро санал болгож байна Манай жилийн хүү 2% байна Бид танд тодорхой чиглэлээр туслах болно: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээл * Ипотекийн зээл Бусад газар ..... И-мэйлээр холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: 22 995 414 913

0  |  0
Top